
“Айчи-Нагояа 2026” Азийн XX наадмын хаалтын ёслол болохын өмнөхөн Монголын Үндэсний Олимпын Хороо (MNOC), Японы Үндэсний Олимпын Хороо (JOC) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Японы ҮОХ-ны Ерөнхийлөгч Сейко Хашимото нар гарын үсэг зурж, хоёр улсын олимпын байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар тохиролцов.
Хамтын ажиллагааны хүрээнд:
• баг тамирчдын хамтарсан бэлтгэл, сургалт зохион байгуулах;
• багш, дасгалжуулагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх;
• спортын шинжлэх ухаан, орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах;
• допингийн эсрэг үйл ажиллагаанд хамтран ажиллах;
• спортын салбарын мэдлэг, туршлага, сайн туршлагыг харилцан солилцох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв.
Мөн “Айчи-Нагояа 2026” Азийн XX наадмыг амжилттай зохион байгуулж буй Япон Улс, Японы ҮОХ болон Зохион байгуулах хороонд талархал илэрхийлэв.
Цаашид Японы спортын дэд бүтэц, спортын барилга байгууламжийн хөгжлийн туршлагыг судалж, Монгол Улсад нутагшуулах боломжийг хамтран судлах, спортын салбарын сайн туршлагыг харилцан нэвтрүүлэхээр хэлэлцэв.
Энэхүү санамж бичиг нь Монгол, Японы олимпын байгууллагуудын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлж, тамирчин, дасгалжуулагч, спортын мэргэжилтнүүдийн хөгжлийг дэмжих чухал алхам болж байна.




















































