
АНУ-ын Нью-Йорк хотын Бронкс дүүргийн Марбл-Хилл орчимд аравдугаар сарын 8-ны өдөр Цагаачлал, гаалийн хяналтын албаны (ICE) ажилтнууд нэгэн эрэгтэйг баривчлах ажиллагааны үеэр буудаж, шархдуулсан хэрэг гарчээ. Шархдсан эрэгтэй эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь амь насанд нь аюул учруулахааргүй байжээ. Хэрэг орон нутгийн цагаар 16:00 цагийн орчимд болсон байна. Хууль сахиулах байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр, ICE-ийн алба хаагчид эрэн сурвалжилж байсан хүнтэй таарч, улмаар буун дуу гаргажээ.
Мөн уг хэрэг гарах үед буудуулсан эрэгтэйн автомашинд таван настай хүүхэд байсан бөгөөд хүүхэд бэртэж гэмтээгүй гэж хотын удирдлагууд мэдээлсэн байна. CNN-ийн мэдээлснээр, буудуулсан эрэгтэй нь Бүгд Найрамдах Доминикан Улсын иргэн, 28 настай хүн байжээ.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам (DHS) уг ажиллагааг тодорхой хүнийг баривчлах зорилготой байсныг мэдэгдсэн ч ICE-ийн ажилтан яг ямар шалтгаанаар буудсан талаар тайлбар өгөөгүй байна. Мөн хоёр ICE ажилтан уг хэрэг явдлын үеэр гэмтэж, эмнэлгийн тусламж авчээ.

Тэдний нэг нь автомашины ослоор гэмтсэн байж болзошгүй ч энэ нь баривчлах ажиллагаатай холбоотой эсэх нь тодорхойгүй байна. Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани уг явдлыг эрс шүүмжилж, хотод явуулж буй ICE-ийн ажиллагааг зогсоохыг Дональд Трампаас шаардахаа мэдэгджээ.
Нью-Йорк мужийн захирагч Кэти Хокул ч холбооны эрх баригчдаас хэрэг явдлын нөхцөл байдлыг бүрэн, ил тод тайлбарлахыг шаардсан байна. Тэрбээр мөн ажиллагааны үеийн биеийн камерт бичигдсэн дүрс бичлэгийг олон нийтэд ил болгох асуудлыг хөнджээ.
Хэрэг гарсны дараа ойр орчимд эсэргүүцэгчид цугларч эхэлсэн бөгөөд орон нутгийн хууль тогтоогчид уг буудлагыг бие даан шалгахыг уриалсан байна. Одоогоор тодорхойгүй байгаа гол асуудал нь ICE-ийн ажилтан ямар нөхцөлд буу хэрэглэсэн, тухайн үед ямар аюул заналхийлэл байсан, мөн баривчлах ажиллагаа хэрхэн өрнөсөн талаарх мэдээлэл юм. Холбооны эрх баригчид эдгээр асуултад бүрэн хариулт өгөөгүй байна.
Л.Баяр

























































Сэтгэгдэл (1)