

-Хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?
Ганбаа: Бусдын нэгэн адил цэцэрлэгт яваад, дунд сургуульд сурсан. Өнөөдөр миний урлагийн хүн болоод явж байгаа нь багаасаа авсан хүмүүжилтэй холбоотой. Багаасаа л урлагтай хайртай, дуртай хүүхэд байлаа. Хөгжилтэй сахилгагүй хүхэд байлаа. Буруу зүйл хийдэггүй.
Анхаа: Би багадаа цэцэрлэгт байхаасаа л дуулдаг байсан. Бяцхан авьяастан гээд л дууны тэмцээнд дүүтэйгээ оролцдог байлаа. Орсон тэмцээнүүддээ дүү түрүүлээд л би хоёрт ордог байсан. Заримдаа би түрүүлнэ. Дүү хоёрдугаарт орно. Дунд сургуульд орохдоо дуулахын хажуугаар бүжиглэдэг болсон. Мөн спортын тэмцээн уралдаанд их ордог хүүхэд байлаа. Оролцож болох ямар л тэмцээн байна бүгдэд нь л ордог байлаа шүү дээ.
-Арван жилийн аль сургуулийг төгссөн бэ?
Анхаа: Би Сэлэнгэ аймагт төрсөн. Тиймээс Сэлэнгэ аймгийн Нэгдүгээр арван жилийг төгссөн.
Ганбаа: Төв аймгийн Борнуурын арван жилийг төгссөн. Сургуулиа төгсөөд Улаанбаатарт Соёл урлагийн их сургуулийг суралцаж төгссөн. Манай хамтлагийнхнаас Жижгээ Дарханы Шарын голынх. Сайнаа Улаанбаатарын Төмөрзамынх байгаа. Дөрвөн талаас цуглаад л их сургуульд орж танилцсан.
-Арван жилд байхад дуртай хичээл гэж байдаг. Та хоёрын хувьд?
Анхаа: Тавдугаар анги хүртлээ сайн сурдаг байлаа. Тавдугаар ангиасаа бага зэрэг залхуураад эхэлсэн. Бүжиг, спортоор хичээллээд ирэхээр хичээл цалгардаад эхэлсэн. Дуртай хичээл нь биеийн тамир л байлаа.
Ганбаа: Миний хувьд бол муу хичээл гэж байгаагүй. Мэдээж урлагт сонирхолтой болохоор урлагийн хичээлд дуртай байсан. Эрэгтэй хүүхэд л юм чин биеийн тамирт дуртай. Мөн бусад англи хэл, монгол хэл гэсэн хичээллүүддээ дуртай байлаа. Мэдээж арван жилийн боловсрол хүний суурь боловсрол болдог учир бүх хичээл дээрээ л хичээдэг байсан.
-Хүүхэд насны сэтгэлд хоногшиж үлдсэн дурсамжтай зүйл. Магадгүй одоо болтол нүдэнд харагдаад байдаг?
Анхаа: Намайг анх гуравдугаар ангид байхад манай сургууль дээр үндэсний бөхийн тэмцээн болсон юм. Гэтэл багш намайг ор гээд оруулчихсан. Би тэр тэмцээн болохын өмнөхөн цөөхөн хоног бөхийн дугуйланд явж байсан. Тэгээд л жоохон хүүхэд болохоор юугаа ч мэдэхгүй барилдаад л, барилдаад л байсан. Хамгийн сүүлд нэг ахтай барилдаж байгаад тэр ахыг давчихсан. Тэгсэн тэр хавийн хүмүүс намайг хаанаас ийм барилддаг хүүхэд гараад ирэв гээд л... Гуравдугаар ангийн хүүхэд дөрөвдүгээр ангийн хүүхдийг давчаад л гэрлүүгээ бөөн баяр диплом, өргөмжлөл бариад орж байсан. Хамгийн анхны шагнал байсан болоод ч тэрүү энэ л их дурсамжтай байдаг. Одоо ч мартагддаггүй.
Ганбаа: Арван жилд байхад “Яргуйн наадам” гэж болдог байсан. Аймгийн хэмжээнд болдог урлагийн наадамд би өөрийн сум болох Борнуураа төлөөлөн оролцсон. Гэтэл миний хувьд оролцохдоо бүжиг, үндэсний бүжиг, үндэсний дуу, гадаад дуу, зохиомжит бүжиг, язгуур урлаг гээд л олон төрлөөр оролцсон. Тухайн үед маш гоё байсан. Төв аймагт очоод тухайн тэмцээнд оролцоод ихэнх төрлүүдээс шагналт байранд орж байсан. Хүмүүс магтаад л чи чинь бүх төрлийн авьяастай юм биш үү гээд л гоё байсан. Энэ үе надад ерөөсөө мартагддагүй.
-Бага байхаасаа л ямар нэг зүйл цуглуулдаг эсвэл амьдралын явцад хобби болгоод зарим нэг зүйлийг цуглуулдаг хүмүүс байдаг. Та нараас цуглуулгатай хүн байгаа юу?
Анхаа: Би ер нь Mouse цуглуулах хоббитой. Олон Mouse-тай. Мөн усны хэрэгсэл их цуглуулдаг. Манай хамтлагийн Сайнаа Европоор явж байхдаа сувинерь их цуглуулсан. Гэтэл угаасаа сувинерь их цуглуулдаг байсан юм билээ.
Ганбаа: Яг зорьж сонирхолоороо цуглуулдаг зүйл байдаггүй. Санамсаргүй л янз янзын шилний цуглуулгатай болчихсон. Ерөнийдөө одоогоор 30 гаруй шил байгаа.
-Одоо уран бүтээлийн чинь талаар яриагаа үргэлжлүүлье. Анх Соёл урлагийн их сургуульд суралцаж байхдаа л хамтлаг байгуулья гэж шийдэцгээсэн үү?
Ганбаа: Бид СУИС-ийн Эсртат дуулаачийн ангийн оюутнууд. 2003 онд тус сургуульд орсон. Тэр үеэс танилцаад нэг, хоёр жил сурсаны дараа бүгдээрээ хамтлаг болж дуулая гэж шийдсэн. Сургуульд байхаасаа л дөрвүүлээ хоолой салгаж дуулаад, бэлтгэл хийдэг байсан. Улмаар Балхжавын “New stars” тэмцээнд ороод, түүнээс хойш албан ёсны “Мотив” хамтлаг нэрээрээ олны өмнө гарч ирсэн.
-“Мотив” гэх нэрийг яагаад өгөв. Хэн нь санаачилж байв?
Ганбаа: “Мотив” нэрийг манай сургуулийн хөгжмийн онолын тэнхимийн Өлзийбаяр багш маань өгсөн. Анх хамтлагтаа нэр өгөх гээд ерөөсөө олигтой нэр олдохгүй. Тэгээд багшаасаа мэргэжлийн талаас нь бодож байгаад гоё нэр өгөхийг гуйсан. Удалгүй багш маань Титрахорд-Дөрвөл гэсэн нэр өг гэсэн. Гэтэл тэр нэр бид нарт нэг л таалагдахгүй байхаар нь ахиад өөр нэр өгөөч гэсэн. Ингээд багш маань “Мотив” гэх нэр өгчих гэлээ. Тэгсэн бид нар цөөхөн үсэгтэй, хүн сонсоход нэг л зөөлхөн гээд л голонгуй байсан. Тэгээд л Балхжав ахын тэмцээнд “Мотив” нэрээрээ оролцож хүмүүст танигдсан.
Анхаа: “Мотив” гэдэг нэрний утга бол хөгжмийн жижиг элемент гэсэн үг юм.
-Хамгийн анхны тоглолт, хамгийн анхны уран бүтээл гэдэг мартагдашгүй байдаг. Бүх зүйл эхэлж байсан үеэ дурсаач?
Ганбаа: 2010 оны есдүгээр сарын 19-нд хамгийн анхны тоглолтоо хийж байсан. Ихэнх зүйлээ өөрсдөө зохион байгуулаад оролцсон. Маш олон хүмүүс ирж үзсэн. Бид сэтгэл өндөр байдаг.
Анхаа: Бид хоёрдугаар курстаа хамтлагийн маань нэрийг өгсөн Өлзийбаяр багш дээр очиж бид хамтлаг болсон юм чинь дуутай болмоор байна гэсэн. Ингээд Хүрэлбаатарын үг “Охидыг үнсээч”гэдэг дууг хамгийн анх хийж байсан. Гэхдээ яг уран бүтээл болгож цацаагүй. Дараа нь “Хайраа”, “Амьдрал тэр аяараа зөөлөн санагдана” гэх дуунуудыг оюутан байхдаа хийж байлаа. Яг албан ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаад олны хүртээл болгосон уран бүтээл бол Хөгжмийн зохиолч Бэхээ ахын “Магадгүй чамтай” гээд дуу байдаг.
-Өнгөрсөн онд Европын орнуудаар аялан тоглолт хийсэн. Гадныхан хэр хүлээж авч байсан бэ?
Ганбаа: Өнгөрсөн онд сар гаруйн хугацаанд Европын орнуудаар явж тоглолтоо хийсэн. Тоглолт маань маш сайхан болсон. Биднийг мэддэг хүмүүс олон байсан. Мэдэхгүй хүмүүс мэдэх гэж зорьж ирсэн. Тоглолт үзэхээр ирсэн хүмүүс маш өндөр сэтгэгдэлтэй байсан. Монгол залуучуудтай уулзсан. Бас зүгээр нэг явалгүй нэвтрүүлэг хийгээд ирсэн. Европын орнуудын цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг харуулсан, үлгэр жишээ авахуйц нэвтрүүлэг хийсэн.
Анхаа: Европын Чех, Герман, Италь, Франц, Швейцарь, Белги, Голланд, Дани, Швед гэх мэт нэлээн олон орноо явсан. Ерөнхийдөө дулаан орж байхад явсан учир олон сонирхолтой зүйл үзэж харсан. Тоглолтууд бүгд амжилттай болсон.
-Кинонд тоглоод, дүр бүтээгээд амжсан. Өөр кинонд тоглох санал хүсэлт ирж байна уу?
Ганбаа: Манай хамтлагийн Сайнаа кинонд тоглосон байгаа. “Хайрын үнэ цэнэ” киноны гол дүрд тоглосон. “Sync”хамтлагийн Оргилтой тоглосон. Сайнаа бид хоёр “Зүрхэнд гэрэлтэх од” кинонд тоглож байсан. Бэлтгэгч, тогоочийн дүр бүтээсэн.Кинонд тоглох бол хэцүү юм билээ. Бидний хувьд бол төсөлд хамрагдаад найруулагч, мэргэжлийн жүжигчдийн зөвлөгөөгөөр өөрсдийнхөө чадах чинээгээр тоглосон. Кинонд тоглосныхоо дараа өөрийгөө харахаар их ичдэг юм билээ.
-Ер нь гадаадын оронд ч гэлтгүй Монголдоо тоглолтоо хийж байхад хөгжилтэй явдлууд их тохиолдох биз?
Анхаа: Тоглолтоо хийж байхад урд талын эгнээгээр байсан эмэгтэйчүүд инээгээд л байсан. Тэгсэн Сайнаа тухайн үед Анхаа руу л харж инээгээд байна даа гэж бодсон гэсэн. Тэгсэн дараа нь өнөөх хүмүүс нь Сайнааг шоолж инээгээд байсан байгаа юм. Учир нь Сайнаа дэлгүүрээ хаагаагүй тайзан дээр гарчихсан байсан. Харин Гамбаа шил, тольтой тайзан дээр гарчихаад юм ойлгож хараад мөргөж өнөөх шилээ мөргөж байсан. Жижгээ бас шилэн хаалгыг харалгүйгээр мөргөж байсан.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
Анхаа: Оны өмнө хоёрдахь бие даасан “Exclusive” цомгоо гаргасан. Удахгүй цомгийнхоо баярыг хийх гэж байна. Мөн Балхжав ахын шинэ дуу “Дурлал домог”, “Хайрын түүх” дуугаа дүрсжүүлээд, клипжүүлсэн байгаа. Одоогоор телевизүүддээ тараагаад явж байна.
Ганбаа: Шинэ уран бүтээл маань удахгүй хүмүүст телевиз болон онлайнаар хүрэх байх. Энэ удаагийн сидинд маань олон төрөл жанрын уран бүтээлүүд орсон. Энэхүү уран бүтээлээ тун удахгүй клипжүүлж хүргэнэ. Шинэ уран бүтээлийн олз их байгаа.
-Залуучуудын дуу хоолой гэдэг бол нийгэмд маш хэрэгтэй зүйл. Тэгэхээр та хоёр, танай хамтлаг нийгмийн ямар нэг зүйл дээр бухимдаж явдаг зүйл вэ?
Анхаа: Зам, утаа, шинэ барилгууд бол яахын аргагүй нийгмийн тулгамдсан асуудал. Орой болоход гэлтгүй өглөө, өдөр бүх цаг үед утаа улам л ихэсч байна. Ханиалгаж биш инээж явмаар байна.
Ганбаа: Миний хамгийн бухимдаж явдаг зүйл бол утаа. Тиймээс утаатай холбоотой төсөл дээр хамтарч ажиллаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа
А.Гантуяа/24tsag.mn/
А.Гантуяа/24tsag.mn/
Сэтгэгдэл (5)