
Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын орлогч дарга Ж.Даваабаатар, НӨХГ-ын орлогч дарга М.Батсайхан, Газрын өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Б.Загдсамбар, Сонгинохайрхан дүүргийн газрын албаны дарга Э.Болорчулуун нар оролцож, иргэдэд газрын гэрчилгээг нь гардуулан өгөв. Төслийн багийн гишүүд айл бүрт очиж, иргэдийн газар өмчлөлтэй холбоотой материалыг бүрдүүлэн, тэднийг төлөөлөн холбогдох төрийн байгууллагатай ажиллаж, газар өмчлөлийн гэрчилгээг нь иргэдэд олгож байгаа юм. Харин нийслэл, дүүргийн Өмч, газрын харилцааны алба иргэдийн газар өмчлөх хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэж байна. Ингэснээр нийслэлийн удирдлагууд, төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллүүд хотынхоо иргэдийг өмчтэй болгох цаашлаад, өдгөө 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх ажилд нэгдэж байгаа юм. Энэхүү эрчимжүүлсэн сарын аяныг энэ сарын 26-нд Эрх чөлөөний талбайд зохион байгуулж, хашааны газрын гэрчилгээг нь иргэдэд гардуулан өгөх юм.