Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төсөл нь “Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил” нэг сарын аяныг өнгөрсөн сарын 28-наас эхлүүлээд байна. “Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил”-ын хүрээнд дээрх гурван дүүргийн сонгогдсон хэсгүүдэд нийт 46,600 гаруй хашааны газрын хээрийн нарийвчилсан судалгааг хийж, үүнээс дүүргүүдийн өмч, газрын харилцааны албадаас зөвшөөрсөн, хуульд заасан шаардлагуудыг бүрэн хангасан боломжит бүх хашааны газруудыг иргэдэд нь өмчлүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээг нь гардуулан өгөх юм. Өнөөдрийн байдлаар дээрх гурван дүүргийн хэмжээнд нийт 16,800 гаруй хашааны газарт судалгаа хийгдсэн буюу 36 хувийн гүйцэтгэлтэй байна.Тус ажлыг гэрээ байгуулсан гүйцэтгэгч байгууллага хэрэгжүүлэх бөгөөд хээрийн судалгааны ажлын үеэр айл нэг бүрт очиж, иргэдийн газар өмчлөлтэй холбоотой материалыг бүрдүүлэн авч тэднийг төлөөлөн холбогдох төрийн байгууллагатай ажиллахын зэрэгцээ тус ажлыг үнэ төлбөргүй явуулж байгаа нь иргэдийн хувьд ихээхэн ач холбогдолтой юм.
Мөн “Газрын харилцаа,г азар өмчлөл-10 жил” ажил танилцуулах өдөрлөгийг энэ сарын 26-ны өдөр Тусгаар тогтнолын талбай буюу хуучнаар ялалтын талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгийг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” хэрэгжиж эхэлсний 10 жилийн ойг угтан зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд энэ үеэр нэг сарын аяны хүрээнд газраа өмчлөн авсан дээрх гурван дүүргийн иргэдийн төлөөлөлд газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нь гардуулан өгөх юм гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.




















































Сэтгэгдэл (1)