“Хотын хөрөнгө оруулалт “сэтгүүлийн анхны дугаар гарчээ

“Хөгжлийн Төлөө Түншлэл” Нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт уулзалтыг энэ сарын 24-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уулзалтаар Ерөнхий төлөвлөгөөний газраас нийслэл Улаанбаатар хотын тохижилтын нэгдсэн төлөвлөлтийн эхний хэсэг болох 62 гудамжны тохижилтын төлөвлөгөө, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас нийслэл хотод нэн шаардалгатай байгаа нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт буюу цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг сайжруулах төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид, гадаадын элчин сайдын яамд, гадны донор байгууллагуудад танилцуулсан байна. Энэхүү арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хувийн хэвшлийн төлөөлөл болсон MCS групп, Оюу Толгой ХХК болон Орчлон констракшн ХХК-уудтай хот тохижилтын нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд хотын өнгө төрхийг сайжруулахаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Уулзалтад нийт 230 гаруй зочид ирж, Улаанбаатар хотын хөгжлийн төлөө төсөл, саналаа солилцсон бөгөөд анх удаа зохион байгуулсан энэхүү уулзалтыг маш үр дүнтэй боллоо гэж зохион байгуулагчид дүгнэж байна. Мөн “Хөгжлийн төлөө түншлэл” уулзалтад хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд зориулж хот тохижилтын нэгдсэн төлөвлөлтийн дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан “Хотын Хөрөнгө Оруулалт” сэтгүүлийг анх удаа хэвлэн гаргажээ. Хэрвээ та бүхэн энэхүү сэтгүүлийн анхны дугаарыг сонирхож байвал Хангарьд ордны 12 давхар, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газраас авч болох юм байна
гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.