
Өчигдөр нийслэлийн “Цэрэг татлагын товчоо” хуралдаж, цэрэг татлагын бэлтгэл ажлын явцыг танилцууллаа. Дүүргүүдийн цэрэг татлагын байрууд бэлэн болсон бөгөөд цэрэг татлагын зарлан дуудах хуудас хүргүүлэх ажил 93,4 хувьтай байна. Цэрэг татлагын комисс Сонгинохайрхан дүүрэгт 83-р сургууль, Баянгол дүүрэгт 96-р сургууль, Сүхбаатар дүүрэгт 31-р сургууль ,Чингэлтэй дүүрэгт 24-р сургууль, Хан-Уул дүүрэгт 52-р сургууль дээр тус тус байрлах бөгөөд комиссын байрны тохижилт, хаяг самбар, хөгжим бэлтгэх ажил бүрэн хангагдсан байна. Мөн 2012 оны 1-р ээлжээр цэргийн албанд татагдаж, албаа хаагаад халагдаж байгаа цэргийн үүрэгтнүүдийг 5-р сарын 1-2- ны өдрүүдэд дүүргүүдийн цэргийн штаб дээр хүлээн авч, ажлын байр, мэргэжил олгох сургалтууд зохион байгуулах талаар нийслэлийн Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар танилцууллаа.
Нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуун “ Цэрэг татлагын товчоо”-ны дарга нарт Цэрэг татлагын зохион байгуулалтыг өндөр түвшинд хийхийг үүрэг болгоод иргэний үүргээ биелүүлэн эр цэргийн албанд татагдан ирж байгаа цэргүүд, тэдний гэр бүл, хамаатан садан, дагалдан яваа хүмүүст хүндрэл чирэгдэл учруулахгүй, хүндэтгэлтэй хандаж, комиссын байрны дотор, гадна тохижилтонд онцгойлон анхаарч ажиллахыг хүслээ. Мөн цэргүүдийг 2013 оны “Автын үзлэг”-т орсон, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан машинуудаар тээвэрлэж, дугаарын хязгаарлалтгүй, нэгдүгээр эгнээгээр зорчуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн замын цагдаагийн дарга Ч.Жаргалсайхан-д үүрэг болголоо г
эж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.