
Өнгөрсөн сарын 27-29-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал болсон. Энэ үеэр нийслэл хотын тохижилтыг сайжруулах олон ажлыг хийсэн. Тухайлбал, хөшөө дурсгалыг сэргээн засварлах, ногоон байгууламжийг хортон шавьжаас хамгаалах, хэлбэржүүлэх, хайс хашлага засварлах, авто замын нөхөөс, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлүүд, хогийн сав, сандал, нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулах ажил хийгдсэн. Хаврын тохижилтын эл ажилд нийтдээ 11 тэрбум төгрөг төсөвлөж, тохижилтод хоёр орчмыг, үлдсэн санхүүжилтийг гэрэлтүүлэг, авто замын засвар үйлчилгээнд зарцуулсан байна. Харин дараагийн ажлуудыг тав, зургаадугаар сард үе шаттай хийх гэнэ. Энэ сард гудамжны иж бүрэн тохижилт, усан оргилуур, хиймэл нуур, цөөрөм бий болгох гээд олон ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас төлөвлөсөн байгаа гэнэ. Харин энэхүү ажилд хэчнээн төгрөг төсөвлөхийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцэж, төсвийн тодотголоор шийдвэрлэх юм.
Д.Ундрах /24tsag.mn/