
Хан-Уул дүүргийн XI хороо буюу Зайсангийн орчмын иргэд газраа өмчлөх, ашиглах эрх байхгүй өдийг хүрсэн. Тус хорооны нутаг дэвсгэр нь тусгай хамгаалалтын бүст оршдог учраас иргэд газраа өмчлөх эрхгүй байдаг бөгөөд 1995 онд гарсан Тусгай хамгаалалттай газрын тухай шинэчилсэн хуулийн дагуу газрыг зөвхөн ашиглах эрхтэй болжээ. Гэтэл тэрхүү иргэдэд олддоггүй өмчлөх эрх нь арван давхар байшин барих эрхмүүдэд олдоод байдаг учраас иргэд ямар ч бичиг баримтгүй, газраасаа хөөгдөх дээрээ удаа дараа тулдаг. Энэхүү асуудлыг сүүлийн 20 жилд яриад дийлээгүй зайсангийн иргэд арга ядсандаа Сүхбаатарын талбайд өчигдөр жагслаа. Зайсангийн XI хороонд нийт 580 гаруй иргэн амьдардаг бөгөөд тэднийг төлөөлж, өндөр настан голдуу 30-аад хүн лоозон бариад суулт хийж байлаа. Тэд “XI хороогтатан буулгая", “Ж.Ганхуяг Засаг дарга огцор” “Э.Бат-Үүл баатраа иргэддээ газар олгож өг” гэсэн бичигтай лоозон барьжээ. Жагсаалд оролцогчдын дунд Зайсанд 50 жил амьдарсан уугуул иргэд ч байлаа.
Сэтгэгдэл (1)