
Эх баригчийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, идэвхижүүлэх зорилгоор Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан өнөөдөр Эрүүл мэндийн яамны хурлын Б танхимд “Хөх, умайн хүзүүний өмөнгийн илрүүлэг үзлэг” сэдэвт уулзалт, сургалтыг Монголын эх баригч бага эмч нарын нийгэмлэг, Мянганы сорилтын сангийн “Эрүүл мэндийн төсөл”-тэй хамтран зохион байгууллаа.
Монгол Улсын Их Хурлаас 2005 онд баталсан Мянганы Хөгжлийн 4, 5 дугаар зорилтыг хэрэгжүүлэх, Монгол эмэгтэйн эрүүл мэндийн байдал, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эх баригчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр хийгдэж буй уг сургалтанд Эрүүл мэндийн яам, ЭХЭМҮТ, КНАГ, Нийслэлийн 2, 3 дугаар амаржих газар, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, сум өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эх баригчид зэрэг 150 гаруй төлөөлөгч оролцсон байна.
Сургалтын үеэр Монголын эх баригч бага эмч нарын нийгэмлэг нь Эрүүл мэндийн яам, Мянганы сорилтын сангийн “Эрүүл мэнд” төслөөс хэрэгжүүлж байгаа хөх, умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх зорилгоор эх баригчдын дунд уралдаан зарлаж дүгнэлээ. Уралдаанд шалгарсан Баян-Өлгий аймгийн Толбо сумын эх баригч Ж.Булбул, Дорнод аймгийн Дашбалбар сумын эх баригч Ц.Тунгалаг, Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн эх баригч Д.Зэвгэ, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын эх баригч М.Мөнхзул нарыг Монгол Улсын хөдөлмөрийн баатар эх баригч Ч.Дүгэрээгийн нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.