Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй бөгөөд энэ эрхийг хангах зохион байгуулалтын арга хэмжээг төрөөс авах үүрэгтэй гэсэн Үндсэн хуулийн заатын дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийг тогтоож, нийслэлд оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй, ээлтэй орчинд амьдрах нөхцлийг бүх талаар бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн. “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийг тогтоох аргачлалыг танилцуулж, үр дүнг тооцон түвшинг тогтоох сургагч багш нарыг бэлтгэх ээлжит сургалт өнөөдөр Хангарьд ордонд боллоо.Сургалтын гол зорилго нь иргэдийн эрүүл аюулгүй, ээлтэй орчинд амьдрах нөхцлийг бүх талаар бүрдүүлэх, төрийн ажилтан албан хаагчдын иргэдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, амьдрах орчин, нийгмийн хөгжлийн ялгаатай байдлыг бууруулах, төсвийн хөрөнгийг үр дүнтэй хувиарлах, зарцуулах, түүнд тавих олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, судалгаа, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргахад оршиж байгаа юм.
Мөн дээрх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын автозамын сүлжээг шинэчлэх, дүүргүүдэд явган зорчигчийн гудамжийг бий болгох, нүхэн гарц, газар доорхи болон давхар зогсоолуудыг жил тус бүрээр төлөвлөн барьж байгуулах, нийтийн тээвэрт метро, тусгай замын автобус, төмөр замаар явагч автобус зэрэг шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх, авто зам, тээврийн сүлжээг сайжруулж, хатуу хучилттай зам барихаар төлөвлөн ажиллаж байна. Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэн, хиймэл нуур, цөөрөм, усан оргилуур зэргийг байгуулан, агаарын чийгшилтийг нэмэгдүүлэх замаар иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцлийг хангах олон ажлуудыг хийнэ гэж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



















































