МУИС-ийн Худалдааны сургуулийн 90 жилийн ой ирэх 2014 онд тохиох юм.Түүхэн энэ хугацаанд тус сургуулийг нийт 40 мянга шахам хүн төгсөж эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж ирсэн юм. Саяхан Худалдааны сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар төрөлх сургуулийнхаа 90 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг хэлэлцэж тодорхой шийдвэр гаргасан бөгөөд уг ажлын эхлэл болох нэгэн содон үйл явдал энэ сарын 9-нд боллоо. Тус сургуулийг 1964 онд төгссөн, худалдааны салбарын ахмад ажилтан Норовын Гомбодорж Увс аймагт өөрийн гараар тариалж улмаар нийслэлийн ногоон бүсэд нутагшуулсан 800 гаруй хайлаас модны суулгацыг сургуульдаа бэлэглэж эдгээрийг суулгах “Ногоон сургууль-2013” аяны ёслолын ажиллагаанд түүний хамаатан садан, үр хүүхэд , түүнчлэн МУИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг, Худалдааны сургуулийн захирал Ж.Октябрь, сургуулийн багш, ажилтан, оюутны төлөөлөл оролцлоо.




















































