Мазаалайг олон нийтэд таниулах видео уралдааны шилдэг бүтээлд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хаан танхимд боллоо. Ёслолын ажиллагаанд Төрийн нарийн бичгийн дарга, доктор Ж.Батболд болон бүтээл шалгаруулах комиссын гишүүд оролцов.Уралдаанд видео ролик, видео бүтээлийн төрөлд “AJU”, “Залуус”, “Мичид”, “креатив тренд”, “news agency” зэрэг 9 студи 12 бүтээлээ ирүүлжээ. Бүтээл шалгаруулах комисс хуралдаж, видео ролик төрөлд Х.Төрмөнхийн “Мазаалайг аварцгаая”, Г.Бадралын “Мазаалай” бүтээлийг шалгарууллаа. Харин таван минут хүртэлх видео бүтээлийн төрөлд Б.Лувсанхүүгийн “Говийн бор хүү”, Ц.Баатарсүрэнгийн “Азгүй баавгай”, Ц.Мөнхбаярын “Мазаалайн өчил” зэрэг бүтээлийг шалгаруулав. Комиссын гишүүд шалгарсан бүтээлүүдийг Мазаалай баавгайг олон нийтэд танин мэдүүлэх, /ховор амьтан/-г хамгаалах төрийн үүргийг чухалчлах, Мазаалай баавгайн хамгаалалд хүн бүрийн оролцоог чухалчлах, Мазаалай судлалыг хөгжүүлэх зэрэг тавигдах шаардлагад нийцсэн гэж үзэж байна.
Бүтээл шалгаруулах комисст Хэвлэл мэдээллийн албаны дарга, доктор Ч.Базар, “Мазаалай хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг”-ийн Нарийн бичгийн дарга А.Баясгалан, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Л.Амгалан, “Мазаалай хамгаалах сан” –ийн менежер Д.Тэмүүлэн, “Согоот гоо марал” ТББ-ын тэргүүн, доктор О.Доржраа нар ажиллажээ.
Эх сурвалж: http://mne.mn


















































