Өнөөдөр МоАХ-ны ахмадууд Богдхан уулын Богинын аманд тарьсан 100 гаруй модыг усгасан талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Богинын амын зүүн энгэрээс Соёмботой толгойг тойруулан зүүн тийш дөрвөн га газарт гацуур, хайлаас, чацаргана зэрэг 600 гаруй модыг 100 орчим хүн суулгасан байна. Тэд тарьсан модоо ээлжээр эргэн тойрч, усалдаг байсан аж. Тэгвэл өнгөрөгч бямба гаригт буюу бүх нийтээр мод тарих өдрөөр тэд нэмж мод тарихаар очиход нь зүүн энгэрт суулгасан 100 гаруй модных нь 50-ийг сугалаад, хугалаад хаячихсан байсан байна.Харин үлдсэн 50 орчим мод нь нахиалсан байхаар нь урамшиж, устсан 50 модоо нөхөн сэргээгээд явжээ. Гэтэл хоёр хоногийн өмнө бас л шинээр тарьсан болон нахиалаад байсан бүх модыг нь устгасан байжээ. Улмаар суулгацын нүхүүдийг чулуугаар битүүлж, шороо асгасан байсан гэнэ. Тэд 20-иод жилийн тэртээ ардчиллын төлөө тэмцэж явсан зарим иргэдийнхээ гэгээн дурсгалд зориулан ийн мод тарьдаг байжээ. Богдхан уулын Богинын аманд тарьсан 100 гаруй модыг тухайн газарт аялал жуулчлалын компанийн нэрээр газар авсан нэгэн байгууллага устгасан хэмээн ахмадууд сэрдэж байгаа юм байна. Ямартаа өнөөдрийн хэвлэлийн хурлаар маш харамсаж байгаагаа дурьдаж, байгаль орчин сүйтгэсэн тэдгээр хүмүүсийн бусармаг явдлыг болиулж өгөхийг холбогдох газруудаас хүсч байлаа. Түүнчлэн МоАХ-ны ахмадууд тарьсан модоороо ардчиллын төлөө тэмцэж явсан зарим иргэдийнхээ гэгээн дурсгалд зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналаа төр засагт хүргүүлээд байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (3)