Сүүлийн жилүүдэд Монголд автомашины тоо нэмэгдэж байна. Энэ хэрээр жолооны курс, түүнийг төгсөж байгаа жолооч нар ч нэмэгдсээр байгаа. Замын хөдөлгөөнд оролцож буй 10 жолоочийн нэг нь согтууруулах ундаа хэрэглэдэг, 100 хүний долоо нь хурд хэтрүүлдэг, хоёр жолоочийн нэг нь хамгаалалтын бүс хэрэглэдэггүй гэсэн судалгааг Замын цагдаагийн газраас гаргасан. Тэгвэл эдгээр хариуцлагагүй байдал хувь хүнээс өөрсдөөс нь хамааралтай ч чанаргүй жолооч төгсгөж буй жолооны курсуудтай ч холбоотой юм. Өнөөдөр л гэхэд урсгал сөрж давхиж буй машины зургийг олон нийтэд анхааруулах журмаар холбогдох албаны хүмүүс дэлгэсэн юм. Урсгал сөрж давхиж байна аа гэдэг тухайн жолооч замын хөдөлгөөний дүрмээ мэдэхгүй, тэмдэг заалтаа баримталдаггүй илэрхийлж буй юм. Иймээс бусдыг болон өөрийгөө хохироохгүйн тулд дүрмээ баримталж явахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.


Д.Ундрах /24tsag.mn/