Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хурлыг угтаж хэвлэл мэдээллийнхний дунд зарласан “Монгол Улс ардчиллын загвар орон болох нь” нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны дүн гарч, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг өчигдөр шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа.Монгол Улсын ардчиллын түүхэн замнал болоод АОХН-ийг даргалсан хоёр жилийн хугацаанд хийсэн ажил, манай улс санаачилж НҮБ-ын Ерөнхий ассамблейгээр батлуулсан “Ардчиллын боловсрол” тогтоолын агуулга, ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой уг уралдааны телевизийн нэвтрүүлгийн төрөлд ММ агентлагийн сэтгүүлч М.Гандиймаа, радиогийн нэвтрүүлгийн төрөлд “Шинэ Монгол” радиогийн сэтгүүлч Д.Мөнхзул, сонины нийтлэлийн төрөлд “Ардчилал” сонины сэтгүүлч Б.Алтанцэцэг нарын бүтээл тус тус шилдгээр шалгарав.


















































