
Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал
2013 оны 05 дугаар сарын байдлаар Нийслэлийн хэмжээнд 6255 ажлын байр шинээр бүртгэгдэж, 15355 ажлын байрны захиалга, 8969 ажилгүй иргэнийг бүртгэж, нийт бүртгэлтэй иргэдийн 5748 нь буюу 64 хувь нь зуучлагдсан байна. Нийт бүртгэлтэй иргэдийн 3.6 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байгаагаас 30 хувийг тохирох ажилд зуучлан ажиллаж байна..Нийслэлийн Хөдөлмөрийн газар 2000 гаруй ажлын байрны захиалга авч, 1001 ажилгүй иргэнийг бүртгэн, 447 иргэнийг зуучилж, 1930 иргэнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөөг хүргэн ажиллаж байна.
Хөдөлмөрийн газарт өгсөн ажил олгогчийн ажлын байрны захиалгыг салбараар нь авч үзвэл:
Барилгын салбар-25 %
Худалдаа үйлчилгээ-40.1%
Хөнгөн үйлдвэрлэл- 16%
Бусад-19%
Судалгаанаас харвал: Зочид буудал, зоогийн газар, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ын захиалга 40 гаруй хувийг эзэлж байна.
Нийслэлийн хөдөлмөрийн газар, Монголын зочид буудлуудын холбоо, БЭСТ ВЭСТЭРНПРИМИЕР Туушин зочид буудал хамтран “ХҮНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ”-ийг өнөөдөр 10.00-16.00 цагт Нутгийн захиргааны IV байрны Хурлын танхим /хуучнаар Улаанбаатар хотын банк/-д зохион байгуулахаар төлөвлөж байна.
Өдөрлөгөөр Нийслэлийн 6 дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, 20 гаруй Зочид буудал зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ-д 1000 гаруй ажлын байрны захиалгатай оролцон, ажилд орох хүсэлтэй болон ажилд ороход тавигдсан шаардлагыг хангасан иргэдтэй ярилцлага хийж, ажлын байраар хангах үйл ажиллагаа явагдана.
НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГАЗАР