Өчигдөр ССАЖЯ-ны хурлын танхимд палеонтологийн мэргэжлийн зөвлөлийн хурал боллоо. Тус хуралд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл оролцсон юм. Тэрээр АНУ-д Т-батаарыг хүлээн авах албан айлчлалын үр дүн болон тус улсын палеонтологийн музей, эрдэмтэн судлаачдаа хэрхэн бэлтгэдэг туршлага зэргийг судлан танилцсанаа ярьсан юм. Тэрээр ярихдаа "Манай улс гадны орны эрдэмтэн судлаачдын түүхий эдийн хангамж болж байна. Тиймээс төрөөс монгол эрдэмтдийнхээ удирдсан судалгааны ажлыг дэмжиж цаашлаад ном товхимолыг нь олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэвлэн нийтлэхэд дэмжлэг үзүүлэх болно" гэлээ. Цаашлаад палеонтологийн мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд сонирхогчдыг тусгайлан сургалтад хамруулж, элсэлтийн шалгалтад ч палеонтологийн мэргэжлийн шалгалт авах хэрэгтэй гэсэн юм.
Мөн үлэг гүрвэл зурах талаар зураачдын дунд сургалт зохион байгуулах гэнэ. Энэ нь үлэг гүрвэлийн олдворуудаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Үүнээс гадна манай улсад шинжлэх ухааны чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлч, сурвалжлагчид дутагдалтай байгаа тул энэ чиглэлээр ч мөн сургалт хийхээр болсон гэдгээ хэллээ.
Т.Энхэлээ



















































