Соёлын биет бус өвийн бүртгэл, хамгаалалтын асуудлаар сургалт
эхэллээ. “Хамт олонд түшиглэсэн соёлын биет бус өвийн бүртгэл” үндэсний
хэмжээний сургалт зургаан өдөр үргэлжлэх юм.

Соёлын биет бус өвийн бүртгэл, хамгаалалтын асуудлаар сургалт эхэллээ. “Хамт олонд түшиглэсэн соёлын биет бус өвийн бүртгэл” үндэсний хэмжээний сургалт зургаан өдөр үргэлжлэх юм. Энэхүү сургалтыг Японы итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр ССАЖЯ, Соёлын өвийн төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизу Такэнори, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Биатрис Калдун, Жульен Гленат, ЮНЕСКО-гийн Парис дахь төвийн төлөөлөгч Барбара Торглер тэргүүтэй дотоод, гадаадын томоохон төлөөлөгч оролцох аж. Түүнчлэн сургалтыг Токио дахь Бодлого судлалын үндэсний хүрээлэнгийн профессор Норико Айкава, Сингапур дахь “Милоу” студийн Өвийн төсөл ба харилцаа холбооны хэлтсийн дарга Сюзанн Ог нар удирдах бол олон улсын ажиглагчаар Хятадын Урлагийн академийн урлаг, утга зохиолын онолын профессор Чен Фейлон, ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн бүсийн Соёлын биет бус өвийн олон улсын сургалтын төвийн судлаач Ян Най ажиллах юм байна. Сургалтын гол агуулга нь Монголын соёлын биет бус өвийн бүртгэл ажлын явцын талаарх тойм болон хамт олонд түшиглэсэн бүртгэл, хадгалалт хамгаалалтын бусад арга замыг бий болгох чиглэлээр байх аж.