
Дэлхийн байгаль орчны өдрийг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд НОГООН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН зохион байгуулагдах гэж байна. Чуулган 2013 оны 6 дугаар сарын 03-нд Төрийн ордонд болно. Хуралдааныг зохион байгуулах ажлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хариуцаж байгаа бөгөөд С.Оюун сайд удирдах юм байна. Хурлын нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн захирал Аким Штейнэр, Япон Улсын Байгаль орчны дэд сайд Тэцуда Яацу, ЕСБХБ-ны Байгаль орчин ба тогтвортой байдлын газрын гүйцэтгэх захирал Др.Алистар Кларк нар оролцоно. Чуулган Төрийн ордонд бүтэн өдөр үргэлжилж төгсгөлд нь Ногоон хөгжлийн “Улаанбаатарын Санаачлага”-ыг гаргах юм байна. Илтгэлүүд болон салбар хуралдаанууд явагдаж, хэлэлцүүлэг өрнүүлэх энэхүү чуулганы хаалтын хуралдааныг УИХ-ын гишүүн, Ногоон бүлгийн ахлагч С.Дэмбэрэл даргална.