
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдааныг зохион байгуулах захирамжийг гаргасан. Захирамжийн дагуу “Тэргүүний жагсаалч анги” шалгаруулах уралдааныг хоёр үе шаттай явуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний шалгаруулалт өнгөрсөн сарын 1-ээс энэ сарын 1-ний өдөр хүртэл Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах нийт анги, байгууллагуудын дунд болсон билээ. Монгол цэргийн сүлд хийморийг илтгэсэн цэргийн жагсаал нь тухайн улс орны тусгаар тогтнол, түүнийг батлан хамгаалах цэрэг, Зэвсэгт хүчний хүчин чадлыг харуулсан чухал арга хэмжээ бөгөөд 7200 гаруй цэргийн албан хаагч оролцсон эхний шалгаруулалтаас шилдэг 9 анги буюу Зэвсэгт хүчний 013, 029, 032, 084, 120, 150, 326 дугаар, дотоодын цэргийн 805, хилийн цэргийн 151 дүгээр ангиуд шалгараад байна. Харин өнөөдөр 11.00-14.00 цагийн хооронд шилдгийн шилдгийг тодруулах “Цэргийн ёслолын ажиллагаа” Сүхбаатарын талбайд болж байна. Энэ үеэр “Монгол цэргийн жавхаа” уралдааны 2-р шатанд шалгарсан “Тэргүүний жагсаалч” ангиудын ёслолын жагсаалын үзүүлэх тоглолт, уралдааны дүн, шагнал гардуулах ажиллагаа болох юм. Монгол цэргийн жавхаа” уралдаан 23.00 цагт “Үдшийн нийтийн цэнгүүн”-ээр өндөрлөнө. Цэнгүүнд Цэргийн Дуу бүжгийн эрдмийн чуулга, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн уран бүтээлээ толилуулж, ёслолын буудлага буудах юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)