
Гарсан зөрчлүүдийн хувьд “Нарантуул” худалдааны төв доторх хоолны газруудын зай талбайн хүрэлцээ муу учраас ажилчдын хувцас солих тусгай өрөө байхгүй. Түүнчлэн хэд хэдэн цайны газруудын халбага, сэрээ, аяга зэрэг хоолны хэрэгслүүд нь бохирдолтой буюу ариутгал цэвэрлэгээг зохих түвшинд хийгээгүй нь лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ. Мөн цонхондоо ялаа шумуулны тор байрлуулаагүй байсан байна. Ялаа шумуул нь тодорхой хэмжээний нян бактер тээж явдаг тул тор хадаж хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулахаас сэргийлэх ёстой байдаг билээ.
Ололтой тал: Бүх цайны газрууд хоол бэлтгэдэг өрөөндөө сэнс байрлуулж, агаарын солилцоог сайн явуулдаг тул хөгц мөөгөнцөр үүсээгүй байжээ.
Дээрх дурдсан зөрчлүүдийг гаргасан тохиолдолд сануулах, торгох, цаашилбал үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээ авах ёстой хэдий ч мэргэжлийн хяналтын байцаагч нар аяга тавгаа хэрхэн бүрэн гүйцэд угааж ариутгахаас өгсүүлээд ялаа шумуулын ямар тор тохиромжтой зэрэгт зөвлөгөө өгөөд өнгөрсөн байна.
Цаашид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хянаж, шалгаж, торгоно гэхээсээ илүү зөвлөн тусалж, хамтарч ажиллах аж.
Д.Ундрах /24tsag.mn/