
БШУ-ны сайд энэ үеэр “Хүүхэд чанартай боловсрол эзэмшиж, чанартай боловсон хүчин, зөв Монгол хүн болж төлөвших нь багш та бүхнээс их хамаарна. Одоо багш нарт нэг жилийн хугацаанд зааж буй хичээлээ хүүхэд нэг бүрт хэрхэн ойлгуулах, яаж сургахаа өөрөө мэддэг эрхийг нь өгч байна. Тавдугаар ангийн хүүхэд тооны хичээлдээ нэг, хоёрдугаар улиралд ямар дүн авсан бэ гэдгээсээ илүү тавдугаар ангиа төгсч байгаа хүүхэд ямар тоог яаж боддог болсон байх ёстой вэ түүнийгээ л хангасан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл багш бүр хичээлээ долоо хоногт хэдэн цагаар, яаж заах нь тэдний эрх. Эцсийн үр дүн л чухал. Хамгийн гол нь багш хүн Би бол багш! гэхээсээ илүү өөрийгөө хүүхдийг сурахад нь тусалдаг туслагч гэж ойлгох хэрэгтэй” хэмээн онцолж байсан юм. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан багш нарыг БШУЯамны жуух бичиг болон Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшууллаа.