
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэлийн өмчит байгууллагуудын дансыг төвлөрүүлэх тухай” захирамжийг гаргалаа. Уг захирамжид зааснаар нийслэлийн өмчит байгууллагуудын дансны эмх замбараагүй байдлыг цэгцлэх, иргэн, нийслэлийн өмчит байгууллагуудын төлбөр тооцооны шимтгэлийн зардлыг бууруулах, нэгдсэн нэг цэгийн үйлчилгээнд хамруулж, үйлчилгээний шуурхай байдлыг хангах үүднээс нийслэлийн хөрөнгө оруулалттай “Улаанбаатар хотын банк”-нд нийслэлийн өмчит байгууллагуудын бүх дансыг байршуулах юм. Энэ ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийслэлийн Өмчийн харилцааны газар хамтран хариуцаж байна. Мөн үүнтэй уялдуулан нийслэлийн төсвийн орлого зарлага, тусгай сангийн болон холбогдох бүх дансыг “Улаанбаатар хотын банк”-нд байршуулж, төрийн сангийн төлбөр тооцооны нэгдсэн байдлыг хангаж буй эсэхэд холбогдох албаныхан хяналт тавьж ажиллахаар болжээ.