
Шүүхийн орон сууцны цогцолбор нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол Манлай баатар Дамдинсүрэнгийн гудамжинд байрлах бөгөөд 14 давхар нийт 176 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний төвөөс бүрдэх юм. Уг цогцолбор барилгыг Нийслэлийн шүүхийн захиалгаар “Жугамт-Өргөө” ХХК 2011 оны 6 дугаар сараас эхлэн 2013 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд барьж гүйцэтгэсэн аж. Тус компани нь барилга угсралтын ажил гүйцэтгэх өөрийн ажлын туршлага дээр тулгуурлан мөнхүү орон сууцыг гадаад орны ажиллах хүч, мэргэжилтний туслалцаа дэмжлэг авалгүй, үндэсний инженер техникийн ажилтнуудын удирдлагаар дан монгол ажилчдын хүчээр барьсан байна.
Шүүхийн шинэчлэлийн хүрээнд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах эрх зүйн орчин сайжирч, шүүгч, шүүхийн ажилтнуудын нийгмийн асуудлыг онцлон анхаарахаар яригдаж байгаа энэ үед Нийслэлийн шүүхийн 80 жилийн түүхэнд анх удаа ийм орон сууц баригдаж байгаа нь томоохон дэвшил гэдгийг нээлтийн ажиллагаанд оролцогчид онцолж байлаа.