
Зуны амралтай эхэлсэнтэй холбогдуулан нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг 14 зуслангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авахаар боллоо. Шалгалтыг нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, болон Цагдаагийн газар хамтран хийх аж. Шалгалтаар хүүхдийн зуслангуудад тавигдах ерөнхий шаардлага, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллах арга барил, эрүүл ахуйн халдвар хамгааллын нөхцөл, хүүхдийн эмч, эрүүл ахуйч эмч нарыг ажиллуулж байгаа эсэх, зуслангийн эмнэлгийн бэлэн байдал, эм тариа багаж хэрэгсэл бүрэн эсэхэд хяналт тавих юм. Мөн нийслэлийн ногоон бүсэд байрлалтай зуслангуудын аюулгүй байдал, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх үзлэг хийж, гарч болзошгүй гамшиг, аюулаас сэргийлэх бэлэн байдал, гал унтраах анхан шатны норм, стандартыг хэрхэн хангасныг шалгах юм. Дээрх байгууллагуудаас бүрдсэн гурван ажлын хэсэг нэгдсэн үнэлгээ хийж, шаардлага хангасан зуслангуудад үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл олгох юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)