
Үүнийг өнгөрсөн жил болсон УИХ-ын сонгуультай харьцуулахад саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн тоо, саналаа өгсөн сонгогчийн тоо аль аль нь 50 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Хамгийн сүүлд 13.00 цагт Сан-Францискод санал хураалт явуулж гадаад дахь сонгуулийг ажиллагааг хаасан байна.
Мөн энэ сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж байгаа тухай СЕХ-оос мэдэгдлээ. Тухайлбал өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.856.190 сонгогч саналаа өгөхөөр бүртгэгджээ.
Нийслэлд 22, сум дүүрэгт 339 хороо ажиллах юм байна. Мөн 1896 хэсгийн хороо байгуулагдаж санал авах ажлыг зохион байгуулахаар бэлтгэлээ хангасан байна. Үүнд нийт 15000 гаруй хүн ажиллаж байгаа юм байна. Үүнээс 2271 хүн ахлагчаар, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 2500 гаруй хүн тус бүр ажиллаж байгаа аж. Цагдаа, тагнуул зэрэг байгууллагынхныг оруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 20 мянга гаруй төрийн албан хаагч дайчлагдан ажиллаж байна гэх мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга өглөө.
Хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль автоматжуулсан системээр зохион байгуулна. Тиймээс бэлтгэл ажлыг зохион байгуулах хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Сонгуулийн хорооны дэргэд 136 хүний бүрэлдэхүүнтэй мэдээлэл технологийн 31 баг ажиллаж байгаа гэнэ.
Одоогийн байдлаар 34 орны 385 гадны ажиглагч ажиллахаар бүртгүүлсэн байна. АНУ 31, Герман улсаас 40, ОХУ-аас 40, Швед, Канадаас тус тус 10 хүн ажиллахаар болжээ. ОХУ, Киргиз улсуудаас сонгуулийн төв хорооны дарга нь ирэх юм байна. Гадны ажиглагч нарын зарим нь энэ долоо хоногт ирэх бол зарим нь энэ сарын 24, 25-ны өдөр манай улсад ирэх аж. Хуулийн дагуу 24-ны өдрийн 00.00 цагт сонгуулийн сурталчилгаагаа дуусгах ёстойг СЕХ-ны дарга хэллээ. Сонгуульд нийтдээ 2500 машин хэрэглэх юм байна.
Нийт сонгогчоос хэд нь зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх вэ гэдэг нарийн тоо хараахан гараагүй байгаа. Гэхдээ энэ долоо хоногт багтаж гарах аж. Хуульд зааснаар зөөврийн хайрцгаар санал хураах ажиллагаа зургадугаар сарын 25-нд зохион байгуулагдах юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)