
Нийслэл хотод зам засвар өргөтгөл шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Цайз зах хүртэлх 2.8 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажил 35 хувийн гүйцэтгэлтэй, замын трасст орсон 121 объект чөлөөлөхөөс үлдсэн 64 объектийг чөлөөлөх шатандаа явж байгаа юм байна. Мөн Туул Жин Пангийн уулзвараас Хилийн цэргийн удирдах газар хүртэлх 750 м замыг 7 сарын 5 хүртэл хааж, хучилтын ажлыг хийх бол Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон, Чулуун-Овооны тойргоос Ботаникийн цэцэрлэг хүртэлх авто замын хучилтыг 7 сарын 09 хүртэл хийж, замын хөдөлгөөнийг урсгал тус бүрээр хэсэгчлэн хаах аж. Сэлбийн хойд гүүрний ажлын явц 58 хувьтай, 9 тулгуурын 7-г нь цутгаж, дам нурууны цутгалт дууссан гэж нийслэлээс мэдээлж байна. Гэрээнд зааснаар бол ирэх долдугаар сарын 10-ны өглөө гүүрийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн нээх ёстой юм байна. Мөн Дунд голын гудамжны зүүн хэсэг Гандийн гудамжны төгсгөлөөс Энхтайвны гүүрэн доогуур гараад Петровис шатахуун түгээх станц хүртэлх 500 м замыг 6 сарын 25-ны өдөр нээхээр төлөвлөн ажиллаж байна. Хойд зуслан чиглэлийн 14 км автозам засварын ажлын эхлэл болсон Дамбадаржаагийн постоос Хандгайт чиглэлд "ЭСТО" ХХК шинэ технологиор замын гадаргуун боловсруулалт хийж байгаа бөгөөд замын хөдөлгөөнийг бүрэн хаахгүй, урсгал тус бүрээр хэсэгчлэн хааж, засварын ажлыг гүйцэтгэж байгаа ажээ. Эдгээр зам засварын ажлуудыг хугацаанд нь дуусгаж, баяр наадмын өдрүүдээр нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөн хаахгүй, ихэнх замуудын зорчих хэсгийг бүрэн нээх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Замын цагдаагийн газар