
Багануур дүүргийн Засаг дарга үерийн далан суваг шуудууны ус нэвтрүүлэх чадвартай танилцаж, хангалтгүй байгаа учраас холбогдох арга хэмжээг авч ажиллах үүрэг даалгаварыг өгөөд байсан. Энэ дагуу Онцгой байдлын хэлтэс, Багануур ХК хамтран үерийн далан суваг шуудууг сэргээх ажлыг эхлүүлэн нийтдээ 17 км үерийн далан шуудууг сэргээгээд байгаа аж. Мөн гэр хорооллын дунд шалбааг тогтдог байдлыг бууруулахаар хийж байгаа ажлын явцтай дүүргийн Засаг дарга өнөөдөр газар дээр нь танилцсан байна. Багануур дүүргийн шавыг тавьж байсан оросуудын хийсэн 6.3 км үерийн далан мөр төдий болсон, олон жил болсон үерийн даланг хааж машин зам болгосон зэрэг шалтгаанаас үүдэн өнөөдөр Багануур дүүрэг ширүүн бороо, уулын усны өмнө хүчин мөхөсдөхөөр болсон байсныг ийнхүү сэргээж байгаа гэнэ. Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу иргэдийн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэх үүднээс энэ жилийн төсвийн тодотголоор 1,2 тэрбум төгрөгөөр үерийн даланг бетондох ажил хийгдэхээр болжээ.