
Нийслэлийн Ардчилсан намын сонгуулийн штабаас өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй бусад намууд сонгуулийн сурталчилгаа явуулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зарим хууль тогтоомжийг зөрчиж байгаа талаар 12 гомдол гаргасан бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сонгуулийн штабаас сонгуулийн сурталчилгаа явуулах явцдаа төрийн далбаа ашигласан, МАХН-аас нэр дэвшигч намынхаа тугийг хуулинд зааснаас өөр газар байршуулсан зэрэг зөрчлийг дурджээ. Нийслэлийн Сонгуулийн хороо уг гомдлуудтай танилцаж, Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 67.2 зүйлийг үндэслэн цагдаагийн байгууллагад шилжүүллээ. Сонгуулийн Ерөнхий хорооноос 06 сарын 26-ны санал авах өдөр албадан саатуулагдсан иргэд хэрхэн саналаа өгөх тухай зөвлөмжийг нийслэлийн Сонгуулийн хороонд ирүүлсэн байна. Уг зөвлөмжид Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн санал авах өдөр албадан саатуулагдсан иргэдийг бүртгэж, саналыг дүүрэг, хороодын сонгуулийн хороо зөөврийн саналын хайрцгаар авах тухай тусгажээ. Зөвлөмжийг барьж ажиллахыг дүүргийн сонгуулийн хороодод үүрэг болголоо.