
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үүднээс янз бүрийн арга хэмжээг авч байгаа ч төдийлөн сайн үр дүнд хүрэхгүй байгаа. Өмнөх жилээс хэрэгжиж эхэлсэн цахилгааны үнийн хөнгөлөлтийг энэ жил ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. Тиймээс огт нүүрс түлэлгүй цахилгаан халаагуур хэрэглэсэн айлуудын оройн 6.00 цагаас өглөөний 9.00 цаг хүртэлх цахилгааны үнийг 100 хувь хөнгөлөхөөр болжээ. Мөн утаагүй зуух хэрэглэж, нүүрс биш боловсруулсан түлш ашигласан айлуудын цахилгааны төлбөрөөс нь сард 10-15 мянган төгрөг хөнгөлөх юм байна.
Хөнгөлөлт урамшуулалд хамрагдсан нэг айл жилд хамгийн багадаа 30-40 мянга, ихдээ 80-100 мянган төгрөг хэмнэсэн судалгаа гарчээ. Цахилгааны урамшуулалд хамрагдсан нийт айл өрх нийлээд 1.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ.