
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар,
газрыг шударгаар хувьчлахын төлөө “Газар хөдөлгөөн” хамтран нийслэлийн
гэр хороололд оршин суугч иргэдийн анхдугаар чуулганыг өнгөрсөн оны 5
сарын 17-ны өдөр зохион байгуулсан юм. Энэхүү чуулганыг жил бүр уламжлал
болгон зохион байгуулах бөгөөд II чуулган 06 сарын 21-нд болох гэж
байна.Чуулганд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг
дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн 6
дүүргээс сонгогдсон 3000 гаруй төлөөлөгч, албаны хүмүүс оролцох юм.
УИХ-ын намрын чуулганаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020, 2030 он
хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”, нийслэлийн Засаг даргын 2013-2016
оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдан хэрэгжиж эхэлсэн түүхэн
бүтээн байгуулалт болох гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын талаар
нийслэлийн удирдлагууд, гэр хороололд оршин суугч иргэдтэй “Монгол
бөхийн өргөө”-д чуулж, санал бодлоо нээлттэй солилцоно. Өнөөдрийн
байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн 12 байршилд хэрэгжих ажлын
эхний 6 байршилд бүтээн байгуулалт албан ёсоор эхэлсэн бөгөөд чуулга
уулзалтад аж ахуйн нэгжтэй тохиролцон, газраа чөлөөлж, түр орон сууцанд
амьдарч байгаа, түүхэн ажлыг дэмжсэн иргэд ч оролцох юм
гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.