"Нарантуул” олон улсын худалдааны төвийн худалдаа эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороо болон түрээслэгчдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс өчигдөр тус худалдааны төвд шалгалт хийхэд дахин зөрчлүүд илэрчээ.Өмнө нь буюу 2013 оны 3 дугаар сарын 20-нд ХЭҮК тус худалдааны төвийг шалгахад лангуу түрээслэгчидтэйгээ түрээсийн гэрээг хуульд заасны дагуу бичгээр байгуулаагүй, улмаар гэрээгээр тохиролцоогүй төлбөр, хураамж авч байсан нь тогтоогдсон бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд заасны дагуу тус худалдааны төвд Комиссын гишүүн шаардлага хүргүүлж байсан билээ.
Тус худалдааны төв нь түрээсийн гэрээгээ энэ сарын 1-нээс эхлэн шинэчлэн байгуулахаар болсноо өмнөх шалгалтын үеэр мэдэгдэж байсан хэдий ч ХЭҮК-оос хийсэн гэнэтийн шалгалтаар дээрх зөрчил арилаагүйг тогтоогдсон байна. Иймд тус төвд зөрчлийг ирэх сард багтаан арилгаж, түрээслэгчидтэй түрээсийн гэрээг бичгээр байгуулах хугацаат үүргийг ХЭҮК-оос өгсөн ба хэрэв шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд заасны дагуу дараагийн арга хэмжээг авахаар болжээ.
Нарантуул захын түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Байгалмаатай тус захын түрээслэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар ярилцлаа.
-“Нарантуул” худалдааны төвд одоогоор хэчнээн хүн хөдөлмөр эрхэлж байна вэ. Наймаачдын ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Энэ тухай яриагаа эхлэх үү?
- "Нарантуул" олон улсын худалдааны төв нь 15 жил үйл ажиллагаа явуулж байна. Өргөтгөл, гэр ахуйн бараа, хүнсний зах, гаднах зах гэсэн дөрвөн үндсэн хэсэгтэй. Эл газар 30 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна. Тэдний 70 хувь нь эмэгтэйчүүд, 98 хувь нь гэр бүлээрээ хөдөлмөр эрхлэгчид байдаг. Тус төвд цагдаагийн 23 бие бүрэлдэхүүнээс гадна менежер, харуул, үйлчлэгч гээд 40 гаруй хүн ажилладаг.
-Өнөөдөр та захын удирдлагуудад дахиад л хүсэлт, шаардлага хүргүүлж байна. Хэрэв зөрчлөө арилгахгүй бол ямар нэг арга хэмжээ авах уу?
-Манай үйлдвэрчний эвлэлийн хороо бол олон жил хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Би Үйлдвэрчний хорооны даргаар ажиллаад дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд 26 гэрээний төсөл, албан мэдэгдэл, шаардлага зэрэг албан тоотуудыг “Нарантуул”-ын захиргаанд хүргүүлж байсан. Гэвч нэг ч удаа албан ёсны хариу өгч байгаагүй. Амаар албан тоотынхоо хариуг нэхэхээр Ерөнхий менежер Түвшинбат гэгч хүн янз бүрээр харааж, доромжилдог байв.
-Түрээслэгчдийн хэлж буйгаар тэдэнтэй гэрээ байгуулаагүй гэсэн. Уг нь ямар ч байгууллага, худалдааны төв хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ёстой. Энэ тухайд?
-Түрээслэгчтэй гэрээ ерөөсөө байгуулаагүй. Хуулинд бол бичгээр гэрээ байгуулна хэмээн заасан байдаг. Мөн янз бүрийн мөнгө нэхэж авдаг мөртлөө ямар ч мөнгөний баримт өгдөггүй. Лангууны түрээс хураалаа гэхэд талон өгнө. Талон дээр нь мөнгөний тоо баримт байхгүй бөгөөд үүнийгээ 1000 төгрөгөөр өгдөг байх жишээтэй. Харин хамгийн сүүлд түрээсийн гэрээгээ зургаадугаар сарын 1-н гэхэд хийдэг болно гэж байсан ч зөрчлөө арилгаагүй байна. Тэгэхээр дахин хугацаат үүрэг өгөөд арилгахгүй бол дараагийн арга хэмжээг авна.
-Намайг хамгийн сүүлд тус захаар үйлчлүүлэхэд хүнсний захын лангуунууд тусгаарлагдсан байсан. Үүн шиг гадаа зогсдог хүмүүсийг хэзээ битүү, дулаан орчинд оруулах юм бол?
-2013 он гараад хүнсний захыг тусгайлсан тасалгаатай болгосон. Үүнийхээ зардал болгож түрээслэгчдээс 950 мянган төгрөг гаргуулсан. Гэтэл том худалдааны төвүүдийг нийслэлээс нүүлгэнэ гэсэн төлөвлөгөөнд “Нарантуул” зах багтсан байгаа. Үүнийг мэдсээр байж удирдлагууд хүмүүсээс мөнгө авч байна гэдэг тэд эргүүлээд хариуцлага үүрэхгүй, мөнгө төлснөөрөө түрээслэгчид л хохирол амсана.
-Түрээслэгчдийн хувийн эрх ашигт халдаж, авдар, лангууг нь хураадаг гэж сонссон. Энэ хэр бодитой бол?
-Түрээслэгчдийн хувийн өмчид байнга халддаг. Тухайлбал, нэг түрээслэгч удирдлагуудын хэн нэгэнтэй нь муудалцахад авдрыг нь хураагаад долоо, найм хонуулдаг байх жишээтэй. Тэгэхээр өнөөх хүн хэдэн өдрийн орлогогүй болдог.
Гурван жилийн өмнө түрээслэгчдийн хагас сая төгрөгөөр хийлгэсэн авдрыг эвдэж байсан. Энэ бол хүний эрх ашиг, хувийн өмчид халдаж байгаа увайгүй явдал юм.
-Авдар гэснээс наймаачдад төмөр авдар шахсан гэсэн. Тэр авдар нь хэчнээн төгрөгийн үнэтэй байв?
- Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн “Нарантуул”-ын захиргаа 800 төмөр авдар хийж түрээслэгчдэд шахсан. Энэ авдараа өгөхдөө "Та нараас түрэлт, тээшний мөнгө авахгүй" гэж хэлснийхээ дараа 12 мянган төгрөг түрээсэн дээр нэмсэн. Үүнд ямар ч хэл ам хийлгүйгээр түрээслэгчид мөнгийг нь өгцгөөсөн. Гэтэл өнгөрсөн сараас мөн л 30000 төгрөг нэмсэн. Ямар учиртай вэ хэмээн тодруулахад өнөөх улиг болсон гэрэлтүүлэг, камержуулалтанд зарцуулна гэсэн. Энэ бүхнийг эсэргүүцэж хүмүүс Үйлдвэрчний хороонд өргөдөл гаргасан. Харин өргөдөл гаргасныг мэдсэн захын захиргаа наймаачдын хувиараа хийлгэсэн хагас сая төгрөгийн үнэтэй авдрыг "нэхсэн мөнгийг нь өгөхгүй байна" хэмээн гарган эвдлүүлж хаясан.
-Ийм бусармаг байдалтай яагаад түрээслэгчид эвлэрээд байсан юм бэ. Тэд хуулийн байгууллага, хүний эрхийн комисст хандаагүй юм уу?
- Хүмүүс цагдаагийн байгууллагад хувийн эд зүйлд халдаж байгаа талаар мэдээлсэн. Гэтэл цагдаагийн дэд хурандаа Насанжаргал "Наадах чинь манай асуудал биш байна. Энэ бол шүүхийн асуудал" гэсэн. Гэхдээ би энэ асуудлаар олон газарт хандсан. Захын удирдлагууд, Хөдөлмөрийн яам, ХЭҮК зэрэг газарт хүсэлт тавьсан.
-Таны тавьсан хүсэлт, шаардлагын хариу нэг нь ч ирээгүй юу?
- Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт энэ асуудлаар хандсан. Мөн ХЭҮК, УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлэгт хүсэлт гаргасан. Аль альнаас нь хариу ирээгүй байгаа. ХЭҮК-оос ажлын бүлэг гаргаж ажиллаж байгаа ба “Нарантуул”-ын Ерөнхий захирал Ш.Оюунсогоод хүсэлт гаргасан гэсэн. Түүнчлэн Г.Уянга гишүүнд хандсан. Бид сарын өмнө Ш.Сайхансамбуу даргад хүсэлт илгээсэн одоо болтол хариу ирээгүй байна.
-Удирдлагуудын хэн нэгэнтэй муудалцахад их дарамт шахалт ирдэг хэмээн түрээслэгчид ярьж байсан?
-Тус худалдааны төвийн байцаагчид дур мэдэн хүссэн хэмжээгээрээ хүмүүсийг торгодог. Ер нь энэ бол хамгийн элбэг тохиолддог зөрчил энэ. Үүнээс гадна энд хүний эрхэнд халдсан, шударга бус зүйлүүд олон байгаа. Байцаагч нар хантаазаа тайлж, энгийн хувцастайгаар хүмүүсийг мөрддөг. Хэн нэг удирдлагаа муулж, ярьсан иргэдийн тухай очиж “Алтан хошуу” хүргэж ажлаа хийцгээдэг.
-Тэгэхээр хэнтэй юу ярихаа хүртэл цэгнэж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй хэрэг үү?
-Тус газрын түрээслэгчид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх өчүүхэн ч эрх байхгүй. Үйлдвэрчний хороондоо өргөдөл, гомдол мэдүүлбэл тухайн хүний газрыг хураана гэж дарамталдаг. Тулгарч буй бодит үнэнийг яриад, хүсэлт хүргүүлээд ирснээс хойш бидэнтэй холбоо тогтоосон түрээслэгчдийг тагнаж эхэлсэн. Надтай хэн уулзаж байна вэ гэдгийг тагнуулж байгаа хэрэг. Намайг л гэхэд арваад байцаагч нар дагаж, тагнаж байна.
Үүгээр зогсохгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон төрийн өндөрлөгүүд “Нарантуул” дээр очиж түрээслэгчидтэй уулзах гэхээр газрыг нь хураана гэж сүрдүүлж бодит үнэнийг хэлүүлдэггүй. Энэ үед улаан хантаазтай байцаагч нар энгийн наймаачин болж жүжиглэж, нөхцөл байдлыг сайн сайхнаар хэлж ойлгуулдаг. Зүгээр л “Нарантуул” захын наймаачид шавар шавхайндаа холилдож байна гэдгээ телевизийнхэнд ярихын тулд нүүрээ хаалгаж байна. Дүрсээ бүрэлзүүлэхийг хүсч байгаа. Тэгэхээр ямар дарангуйлалд байдаг нь ойлгомжтой.
- Ш.Сайхансамбуу түрээсээ нэмэхгүй мөн газрын асуудлыг сунгана гэдгээ мэдэгдсэн. Харин түрээс нэмэгдэж эхлэхэд түүн рүү утсаар ярьж нөхцөл байдлыг тодруулах гэсэн болов ч “Би энэ асуудлыг мэдэхгүй” гэж байсан?
-Өнгөрсөн жилийн зургадугаар сарын 15-нд буюу УИХ-ын сонгуулийн өмнө Ерөнхий сайд асан С.Батболд, Хотын дарга асан Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг нар Үйлдвэрчний хороонд иргэдийн гаргасан гомдлоор “Нарантуул” захынхантай танилцаж байсан. Энэ үеэр Ерөнхий сайд асан С.Батболд “Нарантуул”-ын газрыг 25 жилээр сунгалаа гэж албан ёсоор мэдэгдсэн. Тэр үед Ш.Сайхансамбуу “Би түрээсээ нэмэхгүй гэж мэдэгдсэн”. Гэтэл сонгуулийн дараа түрээс нэмэгдсэн. Түрээс нэмэгдсэний учрыг асууж, амлалтаа хэрэгжүүлэхийг хүсэхэд Ш.Сайхансамбуу дарга "Энэ бол сонгуулийн асуудал” гэсэн хариулт өгсөн.





















































Сэтгэгдэл (6)