
Жил бүрийн Элсэлтийн ерөнхий шалгалтын дараа их, дээд сургуулиудын хуваарь сонголт үргэлжилдэг. Тэгвэл энэ жилээс хуваарь сонголтын ажлыг мэдээллийн технологийн тусламжтайгаар, олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулахаар болжээ. Үүний дагуу хөдөө орон нутагт онлайн програм ашиглан явуулах шийдвэр гарч, уг ажлыг эхлүүлэхэд бэлэн болсныг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Тус программд элсэгчдийн хувийн болон дүн онооны мэдээлэл, сургуулиудын босго онооны мэдээлэл, мэргэжлийн бүлгүүдийн мэдээлэл зэргийг багтаажээ. Систем нь ЭЕШ –ын онлайн баазтай холбогдон ажиллах ба ЭЕШ-ын дүн оноо интернэтэд байрлах үед энэхүү системийн шалгуулагчдийн дүн оноо, бусад мэдээлэл бүхий онлайн бааз бүрдэх юм.