
2009 онд Дээд шүүхийн шийдвэр гарч, интернэт, РС тоглоомын хэсгийг хүчингүй болгосноор Соёл урлагийг хөгжүүлэх сан нь орлого болон үйл ажиллагааны зардал бүрдүүлэх эх үүсвэргүй болж, зогсонги байдалтай болсон. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дансыг нь хааж, төрийн санд үлдэгдлийг шилжүүлснээр үйл ажиллагаа нь дуусгавар болжээ. Иймд “Соёл урлагийг хөгжүүлэх сан” татан буулгаж, үндсэн хөрөнгийг нийслэлийн Соёл, урлагийн газарт шилжүүлэх тогтоолыг Тэргүүлэгчид гаргалаа.
Мөн тус хуралдаанаар нийслэлд хэрэгжүүлэх “Орон нутгийн өмчийн концессын жагсаалт”-д өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн байна. “Орон нутгийн өмчийн концессын жагсаалт” дахь 37 төслөөс 12 төслийн уралдаант шалгаруулалтыг зарлан, эхний ээлжийн 3 төсөл нээлтээ хийсэн бөгөөд газар олголт, хот төлөвлөлттэй уялдуулах шалтгаанаар 13 төслийг түр хойшлуулжээ. Харин концессын нэр төрлийг нь өөрчлөх саналтай 5 төсөл, концессын жагсаалтад байгаа боловч бусад төслүүдтэй цогцоор нь шийдэж болох, концессын хууль, уралдаан шалгаруулалтын журмаар гүйцэтгэхэд цаг хугацаа их шаардагдах 9 төслийг жагсаалтаас хасах шаардлагатай байгааг хэлсэн юм. Дээрх асуудлыг Тэргүүлэгчид дэмжин, НИТХ-ын тогтоол гаргахаар боллоо.
Мөн “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах нийтлэг журам”-ыг баталлаа. Сүүлийн үед барилгын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн амь нас эрүүл мэнд, аюулгүй байдал алдагдсан зөрчил удаа дараа гарч байгаа нь энэ нь асуудлыг нарийвчлан зохицуулах барилгын үйлдвэрлэл эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар хүлээх үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, дотоодын хяналтыг сайжруулах шаардлагатай байгаа. Тиймээс нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдарч, ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүднээс барилгын захиалагч, зөвлөх үйлчилгээ эрхлэгч, барилгын ажилтан иргэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг энэхүү журмаар зохицуулах юм.
Нийслэлийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2012 оны санхүүгийн нэгдсэн тайланг НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Тэргүүлэгчид НИТХ-ын ээлжит хуралдааныг ирэх сарын 04-ны өдөр хуралдуулахаар тогтлоо.
Ulaanbaatar.mn