
-Хоригдлуудыг мэргэжил эзэмшүүлээд чадамжийн гэрчилгээ олгодог байсан. Харин одоо мэргэжлийн гэрчилгээ олгодог болсон гэсэн үү?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын газрын харьяа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс ял эдэлж байгаа хүмүүжигчдийг зах зээлд хэрэгцээтэй байгаа мэргэжлээс сонгуулж, мэргэжил эзэмшүүлдэг байгаа. Урьд нь чадамжийн гэрчилгээ олгодог байсан бол одоо мэргэжлийн гэрчилгээтэй болгодог болсон.
-Хэдэн төрлийн мэргэжлээр, хэчнээн хүн суралцаж төгсөв?
-Барилгын цахилгаанчин, барилгын засал чимэглэл, сантехникч, барилгын угсрагч, гагнуурчин, мужаан, тогооч гэх мэт найман төрлийн мэргэжлээр 2010 оноос хойш 2000 гаруй хүн чадамжийн болон мэргэжлийн гэрчилгээ олгочихоод байгаа.
-Сургалтанд хэчнээн хугацаагаар хамрагддаг вэ?
-Сургалт зургаан сарын хугацаатай явагддаг. Учир нь 3 сар мэргэжлээ эзэмшээд, 3 сар дадлагаждаг. Дандаа мэргэжлийн багш нар хичээл заадаг.
-Мэргэжлийн сургалтанд хамрагдах хүмүүжигчдийг ямар сонгон шалгаруулалтаар сургах уу?
-Суллагдах болсон хугацаа, ажил хөдөлмөр эрхлэх хүсэл, сонирхол, урьд нь ажиллаж байсан байдал зэргийг харгалздаг. Гэхдээ бараг бүх хоригдлууд сурах боломжтой, нээлттэй. Ялгаварласан зүйл байхгүй. Гагцхүү сурах эрмэлзэлийг нь л хардаг. Сургалт маань танхимын болон явуулын төрлөөр явагддаг. Танхимын сургалт Хорих 449 дүгээр ангид явагддаг. Явуулын сургалт нь хөдөө орон нутгаар явдаг байгаа.
-Хоригдлууд мэргэжил олгох сургалтанд хамрагдах сонирхол байдаг уу. Сурах эрмэлзэл нь хэр байдаг бол?
-Өнөөдөр нийгэм цаг үеийн байдал өөрчлөгдөж байгаатай холбоотой хүмүүсийн ухамсар ч өөр түвшинд очоод байгаа. Тиймээс сурах, мэргэжил эзэмших сонирхол маш их байдаг. Гэм буруутай үйлдэл хийгээд ялаа эдэлж байх хугацаандаа энэ цаг хугацааг үр дүнтэй, өөртэй хэрэгтэй өнгөрөөх хүсэл сонирхол их байдаг. Тэгэхээр ямар нэг мэргэжил эзэмшээд үүгээрээ ял эдэлж байх хугацаандаа дадлага хийж ажилладаг.
-Ажилласнаар цалин бодогдоно л биз дээ?
-Цалин бодогдоно. Тиймээс бусдад учруулсан хохирол төлбөрөө төлүүлэх боломж гарч ирдэг. Цаашлаад өөрийн нэрийн дансанд нь цалин болгож олгогдож байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй олгогдож байгаа. Ажил хийж байсан хоригдлууд суллагдахдаа дансандаа 1-3 сая төгрөгтэй суллагдаж байгаа хүмүүс олон байна.
-Суллагдсан иргэдийг ажлын байраар зуучладаг уу?
-ШШГЕГ-ын нийгэм соёлын хэлтэс, Нийслэлийн хөдөлмөрийн газар болон холбогдох газруудтай хамтын ажиллагаатай байдаг. Суллагдсан хоригдлууд найман чиглэлийн мэргэжлээрээ ажлын байранд зуучлагддаг. Суллагдаад мэргэжлийнхээ дагуу ажил эрхэлж байгаа нэлээд хүн байгаа. Тухайлбал, өнгөрсөн жил 93 хүнийг ажлын байранд зуучилсан байгаа.
Д.Ундрах /24tsag.mn/