Хүй долоон худагт бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Тус азар 20 га талбайд 7000 гаруй автомашины зогсоол шинээр байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ жилийн наадаар 5800 автомашины зогсоолыг хийж дуусгах юм байна. Мөн 12,5 га талбай буюу наадамчдын зорчих хэсэг болон, үйлчилгээний хэсгүүдэд тойрог хэлбэрээр эко хавтан тавьж, тойргийн голд зүлэгжүүлэлт хийн наадмын үзүүлбэр, тоглолтуудыг зохион байгуулах юм. Үйлчилгээний талбайн 50 метр тутамд хогийн сав байрлуулахаас гадна, наадамчин олон, тэр дундаа гадны жуулчдад зориулсан урлагийн тоглолт үзүүлбэрүүдийг түлхүү толилуулахаар бэлтгэж эхэлжээ.61-ийн гармаас "Хүй долоон худаг" хүртэл 8,5 км автозамын ажил энэ сарын 5 гэхэд дуусах юм байна. Харин энэ оны нийслэлийн төсвийн тодотголд Хүй долоон худгийн цахилгааны эх үүсвэрийн асуудлыг нэмж, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болжээ. Нийслэлийн Засаг дарга, Үндэсний баяр наадмын цөм нь Хүй долоон худагт байхаар цаашид төлөвлөн ажиллана, гол хөрөнгө оруулалтууд энд хийгдэх болно гэдгийг онцолж, Хүй долоон худагт "Монгол наадам" цогцолбор барих ажлын эхний томоохон бүтээн байгуулалтыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо. Хүй долоон худагт "Монгол наадам" цогцолбор барих асуудлыг НИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд энэ жил "Монгол Наадам" цогцолбор барих ажил ийнхүү эхэлж байна.



















































