Монголчуудын өвөрмөц ёс заншлын илэрхийлэл, соёлын үнэт өв болсон үндэсний уламжлалт бүжгийн ховор төрөл болох бий, биелгээг геннист бүртгүүлэхээр ажиллаж байгаа тухай мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ. Үүнтэй холбогдуулан Монголын ардын язгуур бий, биелгээг хадгалж хамгаалах, үеэс үед өвлүүлэх, бий биелгээний гэрийн болон шавь сургалт, албан болон албан бус сургалтыг өргөжүүлэх ажлыг орон даяар зохион байгуулж дууссан байна. Тиймээс бий биелгээ бүжгийг албан ёсоор Геннисийн номонд бүртгүүлэх ажил эхэлжээ. Бүжгийн дугуйланд нийт 155 378 хүн хамрагдсанаас 5000 гаруй бий биелээч энэ сарын 10-нд буюу наадмын өмнөх өдөр нэгэн зэрэг бүжиглэж Геннист бүртгүүлэх юм байна. Харин 11-нд буюу наадмын нээлтэн дээр 5000 хүний төлөөлөл болгож 999 бий биелээчийг бүжиглүүлэх аж. Ингээд наадмын нээлтийн үеэр бие, биелгээг Геннисийн номонд бүртгэсэн гэрчилгээг гардан авах юм байна. Харин гаднаас ирэх бүртгэлийн ажилтныг Монголд ажиллуухад нэг өдрийн 800 фунт стерлинг цаашлаад зочид буудал унааны мөнгийг нь манай улсаас даах ёстой. Энэ их мөнгийг гаргахад үндэсний уламжлалаа дээдэлдэг хүн бүрийг бололцоогоороо хандив өгөхийг хүслээ. Тэд мөн наадмын өдөр үндэсний хувцсаа өмсөөд наадмын талбай дээр ирж дэмжихийг уриаллаа.
Т.Энхэлээ


















































