
Ангийн даргын хэлж буйгаар тэд цаашдаа үйлдвэрт ажиллаж байгаа хоригдлуудаа түшиглээд өөрсдийнхөө алба хаагчдын хувцас хэрэглэлийг бүтээхийг эрмэлзэж байгаа аж. Тэгэхээр цагдаа, Хил хамгаалах ерөнхий газар, ШШГЕГ зэрэг газрын 20 гаруй мянган ажилчдын хувцасыг үйлдвэрлэнэ гэсэн үг. Энэ нь чанартай, өнгө үзэмжтэй, Монголдоо нэмүү өртөг нь шингэсэн үйлдвэрлэлүүдийг цаашдаа бүрдүүлэх боломжийг өгч байгаа юм.
"“Говь” компанийг хөл дээр нь зогсооход манай эмэгтэйчүүдийн хорих анги түүхэн үүрэгтэй. 90-иэд онд бүр үйлдвэр дээр нь байрлуулж ажиллуулдаг байсан. Тэр үед хөлс мөнгө гэж байгаагүй. Сайн ажилласан нь ажлын хоног л авдаг".
Чанга дэглэмтэй ангид ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийг өөр өрөөнд тусгаарлажээ. Тэд жирийн дэглэмтэй хоригдогчдоос ялгарах зүйл нь оёдлын үйлдвэрээсээ гараад л өрөөндөө ордог. Оёдлын үйлдэр хорих байр хоёрыг нь холбосон тор татжээ. Харин жирийн дэглэмтэй эмэгтэйчүүд ажлаа хийж дуусангуутаа гарч салхивчинд сууж, хашаан дотор явж болно. Нэг ёсондоо арай алхах газар их буюу эрх чөлөөтэй гэсэн үг.

"Байгалийн гэрэлтүүлэгтэй учир бид сэтгэл хангалуун байна"

"1-6 сартай дөрвөн нярай энд байрлана"
Ингээд нярайн шинэ байрны нээлтийг хийхээр хоригдлуудын байрлах хашаанаас
гарав. Гаднаас нь харахад л нялх үрсийн байр гэдэг нь илт харагдахуйц жижигхэн,
тохьтой байшин барьжээ. Энэ хориход 1-6 сартай дөрвөн хүүхэд эхийн хамт “хүмүүждэг”.
Нэг ой хүрээд л эхээсээ холдож хэн нэгний гарт очно. Эхийнхээ сүүнээс ч
гараагүй, хөлд орж амжаагүй нярай хүүхдүүд ээжээсээ сална гэдэг... Эх үрсийг
салгах үед ямар хэцүү байдгийг ангийн дарга О.Хадбаатар хэлэхдээ “үртэй хүний гол хоёр тасардаг” гэгчээр эх, үрийн хагацлыг харахад маш
хүнд байдаг. Одоо бид нэмэлт хуулийн төсөлд хүмүүжигчдийн хүүхдийг ядаж 1 нас 6
сартай болгохоор хүсэлт гаргаад байгаа гэж байв. Арга ядсан л арга. Зургаан сар
ч гэсэн хүүхэд эхтэйгээ байг гэсэн дээ энэ хүн ийн ярьж зогсоно.

“Хүн амьдралдаа алдаа л биз. Тэглээ гээд биднийг үл тоолгүй, хүүхдүүдийг минь цэвэр тохитой орчин нөхцлөөр нь хангаж өгч байгаад туйлын баяртай байна”
Харин Тамгын газрын дарга, дэд хурандаа Б.Сэр-Од хэлэхдээ “Манай нярайн өсөх орчин өмнө нь нэг давхар байрны, жижиг жижиг 00-ын өрөө шиг өрөөнд хүндрэлтэй байдаг байсан. Хамгаалалтын бүснээсээ гаргаад нярай хүүхдүүдийг байлгана. Мөн эмч энд байрлана. Ямартаа ч хүүхдүүдийг аль болох эрүүл саруул тайван орчинд байлгахыг хүссэн” гэв.

"Би танхайн хэргээр гурван жилийн ял авсан. Охин маань 2 сартай"
Тэгвэл шинэ байрны талаар хоёр сартай охиныхоо хамт хоригдож буй эмэгтэйгээс тодруулахад “ Бид хэдий алдаад ороод ирсэн ч бидний хүүхдүүдийг бодож амьдралын зовлонгоос ангижруулж, ял эдлүүлэхгүй тусад нь эрүүл орчинд өсгөх боломж бололцоог нээж өгсөн ангийн дарга, газрын даргадаа баярлалаа гэж хэлмээр байна. Миний охин хоёр сартай. Хүүхэд өвдлөө гэхэд эмч нар болон өрхийн эмч нар шуурхай арга хэмжээ авдаг. Бид нар хүүхдээ харах л үүрэгтэй болохоос ажил хийдэггүй. Миний хувьд танхайн хэргээр гурван жилийн хорих ял сонссон. Гэхдээ удахгүй суллагдана” гэв.
Энэ хүрээнд шинэ байрнуудын нээлт өндөрлөсөн юм. Ямартаа ч хоригдож буй эмэгтэйчүүд маань ажиллах тохьтой үйлдвэртэй болж, хүүхдээ асрах байртай болов.
Зарим нэгэн зүйлийг сонирхуулж хэлэхэд, оёдлын үйлдвэрт ажиллах хоригдлуудыг ур чадвар, дадал туршлага, ялын хэмжээ, зан харилцаа зэргийг нь харгалзан үзэж ажиллуулдаг. Яг л "наранд" ажлын байрны сонгон шалгаруулалт хийдэг шиг.
Улмаар сайн ажилласан хоригдлууд нь хоногоо ч багасгаж, мөнгө ч хуримтлуулах боломжтой. Хэрэв улсад ямар нэг хохирол учруулсан бол ажил хийж олсон мөнгөөрөө хохирлоо барагдуулж болно. Тэгэхээр төрөөс өгч байгаа хоол унд, хорихын байрыг ашиглаж хэдэн төгрөг дансандаа хуримтлуулж, ар гэрлүүгээ илгээж бас дээрээс нь хүмүүжээд гарах нь тухайн хүний ухамсартай шууд холбоотой юм. ШШГЕГ-аас хоригдлууд руу чиглэсэн олон нааштай арга хэмжээг бодож боловсруулж байгаа ба тухай бүрт нь бид мэдээлэх болно.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (5)