
Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвал эмнэлэгийн дарга нарт үүрэг өглөө. Баяр наадмыг угтаж бэлэн байдлыг ханган ажиллах төлөвлөгөө, тушаалууд гаргах, баярын үеэр нарших, хоолны хордлого, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг анхаарууллаа. Мөн хоол хүнсээр халдварлаж болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай гэв. Мөн наадмын өдрүүдэд хариуцлага өндөртэй байж, туршлагатай эмч нарыг ажиллуулах, алсын дуудлагын хуваарь гаргахыг Эрүүл мэндийн сайд ЭМЯ-ны болон НЭМГ-ын харьяа дарга нарт үүрэг болгосон юм. Түүнчлэн зарим эмнэлэгийн удаашралтай байгаа барилгын ажлыг яаравчлах, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай хэлэлцжээ. Одоогоор Налайх дүүргийн эмнэлэгийн барилга, ГССҮТ-ийн барилга, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн барилгууд асуудалтай байгааг дарга нар хэлж байв.