
ӨМӨЗО-ны Залуучуудын Холбооны төлөөлөгчид, төр засгийн томоохон удирдагчид болон урлаг соёлын одууд өнөөдрөөс 12-ны хооронд албан ёсны айлчлал хийж байгаа юм байна. “Хамтын баяр, хамтын хөгжил” айлчлалын хүрээнд хоёр орны залуучуудын байгууллага бие биетэйгээ танилцах, туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх зорилгын дор хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, маргааш 14.00 цагт ӨМӨЗО-ны Залуучуудын Холбооны төлөөлөгчид МЗХ-нд зочилж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах, орой нь 20.00 цагт хоёр орны залуучуудын найрамдлын урлагийн тоглолтыг Соёлын төв өргөөнд үнэ төлбөргүй зохион байгуулах, түүнчлэн айлчлалын баг бүрэлдэхүүн Улаанбаатар хоттой танилцах “City tour” аялал хийж, Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхох гэнэ. Мөн албан ёсны айлчлалын хүрээнд 7-р сарын 10-нд МЗХ-ны төв байранд 10-17 цагийн хооронд ӨМӨЗО-ны уламжлалт анагаах ухааны нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай Нагунбилэг, Насандалай нарын 12 эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийх юм байна. ӨМӨЗО-ны айлчлалын баг бүрэлдэхүүнд Залуучуудын Холбооны төлөөлөгчид, төр засгийн томоохон удирдлагууд зэрэг 46 хүн, урлаг соёлын 25 уран сайханчид, эрүүл мэндийн үзлэг хийх нарийн мэргэжлийн 12 эмч нар ирж байгаа ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/