
Өнөөдөр амжилт бүтээл гаргасан зарим хүмүүсийн хувьд энгэрээ мялаалгаж буй сайхан өдөр тохиож байна. Тухайлбал, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар Ардын хувьсгалын 92 жилийн ойг угтан, нийслэл хотын бүтээн байгуулалтад гар бие оролцож, амжилт бүтээлтэй ажилласан ажилтан, албан хаагчдад нийслэлийн шагналуудыг гардуулав. Нийслэлийн Авто замын газрын хяналтын мэргэжилтэн С.Түмэндэмбэрэлийг "Нийслэлийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр, хяналтын мэргэжилтэн А.Оюунчимэгийг "Улаанбаатар хотын хүндэт тэмдэг"-ээр, Б.Цэрэнсодномыг "Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт үнэмлэх"-ээр, зохион байгуулагч С.Өнөрцэцэгийг "Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт өргөмжлөл"-өөр, зохион байгуулагч Ц.Үнэнбат, жолооч Ч.Жаргалсайхан нарыг "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн жуух бичиг"-ээр тус тус шагнасан байна.