
Төрийн их баяр наадмын их насны 381 хурдан хүлэг гарааны зурхайгаа эргэснээс Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэний хүрэн түрүүллээ. Энэхүү хурдан хүлэн Ардын хувьсгалын 91 жилийн ой болон төвийн бүсэд дараалан түрүүлсэн.
2. Улаанбаатар хотын Хүй мандал галын уяач Чимэдийн Энхтайваны хонгор халзан хурдаллаа. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Баатарын Буян-Оршихын унаган адуу. Сэцэнханы хурдад зургаалж байсан.
3. Ховд аймгийн Чандмань сумын уяач Ерөөлтийн зээрд халзан. Сүхбаатар аймгийн Онгон сумын унаган, 2011 оны Сүхбаатар аймгийн аварга хүлгийн уралдаанд айргийн гуравт хурдалж байв. 2012 оны хавар “Жейл” ХХК-ийн уралдаанд түрүүлж, давхар уягаар Дүнжингаравт хол түрүүлсэн. Энэ жил Дүнжингарав, Эрдэнэтийн бүсийн уралдаануудад дараалан түрүүлсэн энэ цагийн нэрт түмэн эх.
4. Төв аймгийн Баянцогт сумын харьяат монгол улсын тод манлай уяач “Бандгай” хэмээх Сумъяасүрэнгийн Ганхуягийн бор дөрвөн жил дараалан төрийн наадамд айрагдаж энэ цагийн нэгэн гайхамшигт амжилтыг тогтоолоо.
5. Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Б.Амарбаясгалангийн хүрэн халзан.
Харин соёолон насны уралдаанд Монгол орны өнцөг булан бүрээс хуран чуулсан 223 хурдан буянгуудаас Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул аймгийн Алдарт уяач Ширнэнбандийн Адьшаагийн хонгор үрээ түрүү магнайдаа тоосгүй түрүүлэн ирж хурсан олноо цэнгүүллээ.
Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн үрээ хурдалсан бол айргийн гуравт Дорнод аймгийн Матад сумын харъат аймгийн Алдарт уяач Бат-Очирын Цэндбаатарын саарал үрээ, айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын уугуул аймгийн Алдарт уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хүрэн үрээ, айргийн тавд Ховд аймгийн Дөргөн сумын уугуул “Гарьд зам” компанийн захирал Нямдаваагийн Батбаярын бор үрээ тус тус хурдаллаа.
24tsag.mn