
Нөгөө талаас нь авч үзвэл Сүхбаатарын талбайг Чингэсийн талбай болгож өөрчлөх шийдвэр нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Учир нь нэгдүгээрт одоогийн НИТХ нь 34 төлөөлөгчидтэй. Гэтэл тэдний 10 хүний ирцтэй хурлыг хийгээд долоогийнх нь дэмжлэгээр Чингэсийн талбайг Сүхбаатарын талбай гэж нэрлэх нь хууль бус юм. Ядаж 18 хүний саналаар шийдэж болно доо. Нөгөө талаас нь Сүхбаатарын талбайг НИТХ мэдэж шийдэх эрхгүй. Нэгд энэ асуудлыг ард түмэн мэдэх ёстой. Хоёрт түүх сөхөж үзвэл Сүхбаатарын талбай гэж нэрлэх асуудлыг тухайн үеийн хотын захиргаа шийдвэрлээгүй байдаг. Харин 1946 онд тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн буюу Засгийн газрын хурлаар хэлэлцээд шийдвэрлэжээ. Тиймээс НИТХ энэ асуудлыг шийдвэрлэх эрхгүй. Ингэж шийдвэрлэх дээрээ тулвал Засгийн газар байтугай УИХ-аар асуудлыг авч хэлэлцэх ёстой.
Эрх баригчид олон сайн зүйл хийж байгаагийн зэрэгцээ өс хонзон, өрсөлдөгч сөрөг хүчнээ чадах, сэтгэл хөдлөл, зусардалтын байдлаар асуудлыг шийдвэрлэх гэж зүтгэх боллоо. Төрийн хүмүүс, эрх баригчид аливаа асуудлыг ноён нуруутай, хуулийн дагуу, ард түмний санал бодолд нийцүүлэн, улс эх орны эрх ашгийг эн тэргүүнд тавьж шийдвэрлэх ёстой. Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх гэсэн шийдэл эдгээрийн алинтай нь ч нийцэхгүй байна.
Эрх баригчид Сүхбаатарын талбайг цаасан дээр Чингэс гэж хичнээн ч өөрчилж болно. Хамгийн гол нь ард түмний сэтгэлд байгаа Сүхбаатарын талбайг өөрчилж чадахгүй. Ардчилагчид Чингэсийн талбай гэж нэрлээд байгаа ч ард түмэн Сүхбаатарын талбай л гэж нэрлэсээр байх болно. Тиймээс ардчилагчдын энэ шийдвэр ард түмний бухимдал хийгээд дургүйцлийг л төрүүлэхээс өөр үр дүнг авчирахгүй гэж олон түмэн дүгнэж эхэллээ.
Яруу найрагч Б.Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөлгөө” гэж нэг загнаж зандарсан шүлэг бий. Бурханыг хүртэл “битгий давар” гэж загнадаг даа. Түүнтэй адилхан эрх баригч ардчилагчидад хандан “хэлсэн болгоныг чинь биелүүллээ. Эцэст нь хэлэх хоёр үг байна. Битгий давраа” гэж хэлмээр шийдвэрүүдийг гаргаж байгаагаасаа ичих хэрэгтэй гэж ярьж яваа иргэдийнхээ үгийг сонсохыг хүсье.


24tsag.mn
Сэтгэгдэл (69)