
Нийслэл хотод зам засварын ажлууд үргэлжлэн хийгдэж байна. “Гудамж” төслийн хүрээнд нийт 33 уулзварыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар тав дахь уулзварын шинэчлэлийн ажил дууссан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн нэг, хоёрдугаар хороонд байрлах Төмөр замын дээд сургуулийн урд уулзварын зорчих хэсгийн өргөтгөлийн ажил дуусч, ашиглалтад ороод байна. Одоогийн байдлаар замын туслах ажлууд болох зорчигчийн зам, ногоон байгууламжийг тохижуулж байгаа ажээ.
Түүнчлэн Дамбадаржаагийн хуучин эцсийн уулзварын өртгөтгөл шинэчлэлийн ажил дуусч, зорчих хэсэг ашиглалтад орсон байна. Энэ хэсгийн авто замын шинэчлэлийн ажлаар уг уулзварыг гэрлэн дохиотой, нэвтрэх чадвар сайтай, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгоно гэж замын цагдаагийн газраас мэдээллээ.
Т.Энхэлээ