
Намар болж ургац хураалтын ажил удахгүй эхлэх гэж байна. Энэ жил улсын хэмжээнд 278 мянган га талбайд улаан буудай тариалсан бөгөөд одоогийн байдлаар Улаан буудай ид түрүүлэлтийнхээ шатанд явж байгаа бөгөөд төмс 13,8 мянган га, хүнсний ногоо 7,1 мянган га талбайд тарьжээ. Мөн тосны ургамал 78 мянган га, тэжээлийн ургамал есөн мянган га талбайд тарьсан байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ч.Туваан хэлэхдээ, “Энэ жил хур бороо элбэг байгаатай холбоотойгоор уринш хийсэн газарт хогийн ургамал их хэмжээгээр ургаж байна. Тиймээс уриншийн явцад анхаарлаа хандуулж байгаа. Энэ жил 300 га талбайд уринш хийхээр төлөвлөөд хоёрдугаар шатны ажилдаа орчихсон байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан уринш тариалах техникийн шатахууны зээлээр хангаж байна. Ирэх сарын 15-16-ны хооронд газар тариалангийн салбарын техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэн Дархан хотод зохион байгуулна. Энэ жил газар тариалангийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтуудаас Японы засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 3.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт Төв аймгийн Угтаал цайдам сумд элватор барихад зориулагдсан. Төвсийн хөрөнгөөр Буянт гол дээр услалтын систем хийж байна” гэсэн юм.
24tsag.mn