
Манай улсад 1000 нярай тутмын нэг нь уруул, тагнай нь сэтэрхий төрдөг гэсэн судалгаа байдаг. Энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүд өөрийн эмгэг байдалдаа санаа зовж шаналах нь их бөгөөд улмаар нийгмээс тусгаарлагдах хандлагатай болдог байна.
Энэ төрлийн эмгэгийг эмчилдэг газар манайд ганц байгаа нь Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв юм. Хөдөө орон нутгийн хүүхдүүдэд энд ирж эмчилгээ хийхэд мөнгө санхүүгийн хувьд ихээхэн бэрхшээлтэй байдаг. Энэ байдлыг судалж үзсэн Тайванийн хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, ЭХЭМҮТ зэрэг байгууллагууд хамтран дээрхи төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Тэд 2010 оноос эхлэн энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмчилж байгаа бөгөөд одоогийн байдлаар 170 гаруй хүүхдэд мэс засал хийгээд байгаа юм. Тус хөтөлбөлбөрийн хүрээнд эмч нарын баг есдүгээр сарын 7-17-нд Баян-Өлгий, аравдугаар сарын 1-7-ны хооронд Дундговь аймагт тус тус ажиллах юм байна.
А.Наранцэцэг