Манай улс 2011 оноос дэлхийн гепатитын өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Энэ өдөр ирэх ням гараг буюу 28-нд тохиож байна. Тиймээс өнөөдөр ХӨСҮТ-өөс энэ өдрийг тохиолдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд ирэх ням гарагт Эрүүл амьдралын төлөө уриан дор гепатит өвчний талаар ард иргэдэд мэдээлэл өгөх өдөрлөгийг Үндэсний цэцэрлэг хүрээлэнд зохион байгуулах аж. Мөн энэ өдрийг угтаж ХӨСҮТ дээр өнөөдөр Гепатитын эсрэг хамтдаа өдөрлөг зохион байгуулагдаж байгаа бөгөөд амбулаториор гурван эмч үзлэг хийн, нэг эмч утсаар ард иргэдэд зөвлөгөө өгч байгаа аж. Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох өдөрлөгийн үеэр вирус гепатитын талаар мэдээлэл сурталчилгаа хийгдэхээс гадна гүйлтийн тэмцээн , гар зургийн уралдаан явагдана. Мөн энэ өвчний талаар ХӨСҮТ-ийн эмч нар үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх юм.
Манай улсад анх вируст гепатит өвчин 1952 онд албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд есөн төрлийн вирусаар байдгаас А, В, С, D, E гэх таван төрөл нь манайд зонхилон тохиолддог. Эдгээрээс элэгний А, Е вирус нь вирусаар бохирлогдсон ундны ус, хүнсний бүтээгдэхүүнээр мөн бохир гараар, В, С, D вирусууд нь халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн болон түүгээр бохирлогдсон багаж хэрэгсэл, дамжин халдварладаг байна. Түүнчлэн, В вирус нь халдвартай эхээс хүүхдэд төрөх явцад, гэр бүлийн халдвартай гишүүнээс хүүхдэд, мөн бэлгийн замаар дамжин халдварладаг.
Гепатит өвчний хурц хэлбэр нь арьс салст шарлах, шээс өтгөрөх, халуурах, бөөлжих, огих, хэвлийгээр өвдөх зэрэг шинжээр илэрдэг. Мөн В, С вируст гепатит нь элэгний хатуурал, хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд цочмог вируст гепатитын 1592 тохиолдол бүртгэгджээ. А вируст гепатит буюу халдварт шар өвчнөөр өвчлөгсдийн 70 гаруй хувийг ес хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Өнгөрсөн жилээс эхлэн шинээр мэндэлсэн хүүхэд бүрийг 1 нас 2 сартайд болон 2 настайд нь А вируст гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулж эхлээд байгаа бөгөөд үүний үр дүнд өвчлөл тодорхой хувиар буурч байгаа аж. Харин С вирусын эсрэг вакцин одоогоор хараахан гараагүй байна.
А.Наранцэцэг



















































