
Есдүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтанд оруулна гэж байсан шинэ “1000 оюутны байр”-ын тавилгын санхүүжилт тасарчээ. Энэ тухай Монголын оюутны холбооны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргал хэлэхдээ “Анх барилгын ажлыг эхлүүлэхэд байрны тавилгын асуудлыг шийдвэрлэхээр тогтсон боловч санхүүжилт тасарснаас шийдэгдэхгүйд хүрээд байна. Яагаад шийдвэрлэгдэлгүй өдий хүрснийг бид тодорхой мэдэхгүй. Холбогдох яам үүнд анхаарлаа хандуулж, ирэх хичээлийн жилээс өмнө энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэжээ.
Хэрэв энэ мэтээр тавилгын санхүүжилт удааширвал "1000 оюутны байр" хугацаандаа оюутнуудаа авч чадахгүйд хүрэх юм. “1000 оюутны байр” нь МУБИС-ийн II болон ЭМШУИС-ийн I байрны дунд тус бүрдээ 500 оюутны багтаамжтай хоёр дотуур байртай. Одоогоор барилгын ажлын явц 95 хувьтай байгаа бөгөөд амьдарч буй оюутнууд нь цахилгаан дулааныхаа төлбөрийг өөрсдөө төлөх аж.
Оюутны байрны өрөө бүр угаалгын өрөө, гал тогооны өрөөтэй байхаар төлөвлөсөн ч ийнхүү санхүүжилт тасарсан байна.
Сэтгэгдэл (1)