Өнөөдөр шөнө 03.00 цагаас эхлэн Хайлааст дэд станцаас тэжээгдэж буй Чингэлтэй дүүргийн 11-19 дүгээр хороо, Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Долоон буудал, Дамбадаржаа, Бэлх, Сэлх, БЗД-ийн 2, 21 дүгээр хорооны 38 681 хэрэглэгчийн эрчим хүчийг түр хязгаарлажээ. Энэхүү хязгаарлалт маргааш 22.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.Учир нь Улаанбаатар хотын төвийн болон хойд хэсгийн 50 мянга гаруй хэрэглэгчийг эрчим хүчээр хангадаг "Хайлааст" дэд станцын 110кВ-ын инженерийн холбогдох байгууламжийн талбайд хөрсний ус гарч, 110кВ-ын трансформаторын суурь хазайж, 1-1,5м өргөгдөн, дамжуулагч шинн татагдсан, чичирсэн байдалтай, удирдлага, дохиолол, реле хамгаалалт, хэмжүүрийн кабелиуд болон газардуулгын байгууламжид ноцтой аюул учраад байгаа тул өвлийн их ачаалал эхлэхээс өмнө станцыг нүүлгэн шилжүүлж байгаа юм. Нүүлгэх явцад дэд станцыг бүрэн хүчдэлгүй болгож, 110, 35кВ-ын холболтын шинн, протал, тулгуур босгох ажлыг хугацаа алдалгүй хийж 43 цагт багтаан дуусгана гэж албаны хүмүүс мэдэгдэж байна.
Т.Энхэлээ




















































